Ирэх сараас шууд нислэгийг тогтмолжуулахаар тохиролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Тодруулбал, энэ сараас эхлэн Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв. Гэвч энэ талын шийдвэр албажаагүйгээс нислэгийг ирэх сарын 4-5-наас эхлүүлэх гэж байна.
Монголын иргэний агаарын
тээврийн компаниуд нислэг хийдэг БНХАУ-ын Шанхай,
Бээжингээс бусад хот руу 7
хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас өмнө нь танилцуулсан. Авиакомпаниудын нислэгийн хуваарь, чиглэлийг ИНЕГ-аас хариуцан тодорхой болгох аж.
ГХЯ-наас агаарын хилийг нээж, хоёр улсын хоорондын агаарын харилцаа, хуваарьт нислэгийг нээх санал хүсэлтийг БНХАУ-ын талд хүргүүлсэн талаар мэдээллээ. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр 7 хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцож, Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгох талаар ярилцаж байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр 7 хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг албаныхан хэлж байна.
ИНЕГ-аас мэдээлж буйгаар БНХАУ-ын тал агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа
давхар зөвшөөрөл авах шаардлага тавьжээ. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин
нисэх зорчигчид “Эйр чайна” компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх
хот орно. Хөх Хотод мөн 14 хоног тусгаарлалтад байна.
Тэндээс
цааш Бээжин явах зөвшөөрлөө авах юм. Хятадын талаас Улаанбаатараас 75 хувийн
дүүргэлттэй явах шаардлага тавьсан. "МИАТ" компани
Улаанбаатар-Гуанжоу чиглэлээр нислэг үйлдэх бол “Аэро Монголиа” компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд
нисэхээр төлөвлөжээ.
КОВИД-19-ийн цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрөөд байгаа юм. Улаанбаатар хотоос БНХАУ улс руу зорчих иргэд нислэгээс өмнө 5 хоног тусгаарлагдана. Мөн тус улсад очсоны дараа 14 хоног тусгаарлагдах талаар ИНЕГ-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын нисэх буудлаас нислэгийн
зөвшөөрөл хараахан ирээгүй байна. Тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зорчигч
өөрөө хариуцна. Цаашид Ковид-19-ийн нөхцөл байдал сайжирбал Хятад улс руу явах
нислэгийн тоо нэмэгдэх боломжтой. Хэрэв нислэгийн 5 зорчигчоос Ковид-19-ийн шинж тэмдэг илэрвэл нислэг цуцлах нөхцөл байдал үүснэ гэж мэдээлжээ.