Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-07-01 14:22:37

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар сүүлийн долоон жилд анх удаа эрчим хүчний хэмнэлтийн горим нэвтрүүлж, зуны хэрэглээгээ багасгахыг хүн ам, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.


Энэ нь тус улсын өмнөд Окинава болон хойд нутгийн Хоккайдо арлаас бусад бараг бүх нутагт хэт халж, цахилгаан эрчим хүчний нөөцийн коэффициент ердөө 3.7 хувь болж магадгүй гэсэн тооцоотой холбоотой юм. 


Эрчим хүчээ хэмнэх шаардлагын дагуу халуунд цохиулахаас урьдчилан сэргийлэх үүднээс агааржуулагч болон бусад цахилгаан хэрэгсэл ашиглаж болох боловч зар сурталчилгааны самбар, дэлгүүр, лангууны гэрэлтүүлгийн хэрэгсэл зэрэг хоёрдогч зорилгоор ашиглах эрчим хүчний хэрэглээг бууруулах ёстой. 


Зургаадугаар сард Токио болон өөр найман мужид хэт халсантай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний ачаалал ихэссэнийг даваа гаргаас хойш дөрөв хоногийн турш анхааруулсан байна. Энэ өдрүүдэд хэд хэдэн мужид 40 хэм хүрч халжээ. Пүрэв гарагт Токио хотод 36 хэмээс давж халж, зургаадугаар сарын температурын дээд үзүүлэлтэд хүрсэн байна.


Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өсөж, "цэвэр" эрчим хүч рүү шилжих төлөвлөгөөтэй холбогдуулан дулааны цахилгаан станцуудын тоог цөөлсөнтэй, түүнчлэн цахилгаан эрчим хүчний хангамж тасалдах вий гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор Японд эрчим хүчний хангамжтай холбоотой асуудлууд үүсжээ. Энэ зун эрчим хүчний хомсдолд орох төлөвтэй байгаатай холбогдуулан Японы Эдийн засгийн яам улс орныхоо эрчим хүчний хэрэглээний түвшний талаар долоо хоногийн баасан гарагт мэдээлж эхэлсэн байна. Энэ практикийг өмнө нь 2011 онд буюу Японд хүчтэй газар хөдөлж, цунами үүссэний улмаас “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарч, тус улсын цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг хангадаг бүх атомын цахилгаан станц зогссоны дараа хэрэглэж байжээ.


Холбоотой мэдээ