СҮХБААТАР: Баруун-Урт суманд хөдөө аж ахуйн цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-01 18:31:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд хөдөө аж ахуйн цогцолбор тун удахгүй ашиглалтад орно. Одоогоор цогцолборын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Нийт 20 га газрыг хамрах тус цогцолборт арваад төрлийн үйл ажиллагаа явуулах юм.

Малын тэжээлийн ургамал тарих, төмс хүнсний ногоо тариалах, малын эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх цэг байгуулах, сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн агуулах барих, мод үржүүлгийн талбай, хүүхдийн сувилал буюу зуны цэцэрлэг байгуулах зэрэг ажлыг хийх юм.

Цогцолборын ажил өнгөрсөн 5 дугаар сараас эхэлсэн. Одоогоор хашаажуулалт бүрэн хийж дуусган, ногоон тэжээл,төмс хүнсний ногоо тарих талбайг бэлтгээд байна. Мөн ОНХС-гийн 20 сая төгрөгөөр гүн өрмийн худаг гаргаж, 2,7 сая төгрөгийн өртгөөр бороожуулах системийг бий болгосон. Ингэснээр тариалалтын талбайн усалгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэсэн үг. Цаашид цогцолборын үйл ажиллагааг сайжруулах, зарим бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт татах үүднээс олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах хүсэлтүүдээ хүргүүлээд байгаа. Эхнээсээ таатай хариу ирж байгаа гэж Баруун-Урт сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Гантөмөр хэллээ.

Тус цогцолборыг Баруун-Урт сумын ИТХ-ын тогтоолоор сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ