СҮХБААТАР: Сайд Ч.Номин соёлын байгууллагуудын ажилтай танилцав

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-02 19:23:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин Сүхбаатар аймгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Төрөөс соёлын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашдын зорилтын талаар салбарынхандаа танилцуулахын зэрэгцээ аймгийн удирдлагууд болон соёлын байгууллагуудын дарга нартай уулзаж, санал солилцлоо.


Тодруулбал, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Соёл, урлагийн газар, Жаахан шарга театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сангийн дарга нартай уулзаж, Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого, аймаг орон нутгийн соёлын хүртээмж, салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.

Аймгийн Соёл, урлагийн газрыг 2022 оны нэгдүгээр сард байгуулсан. Тус газрын харьяа 15 байгууллага бий.

Жаахан шарга театрын тухайд барилгын их засварын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилсан бол Нийтийн номын сан, Угсаатны зүйн музейн хувьд шинэ барилгатай болох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Учир нь Нийтийн номын сан Жаахан шарга театрт байрлаж байгаа бол Угсаатны зүйн музей зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй барилгад үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Аймгийн ИТХ Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын яамны стратеги төлөвлөгөөний дагуу Соёл урлагийн хөгжлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Иймд Соёлын яамны бодлого, чиглэлийг сайтар дэмжин ажиллаж байгаа орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлж, соёлын байгууламж нь шинэ хуучнаас үл шалтгаалан соёлын үйлчилгээ, эрэлтийг бий болгох ёстой талаар санууллаа. Соёлын байгууллагууд бүгд л байр савны асуудалтай байгаагаа хэлж байна. Аль ч салбарын хөрөнгө оруулалтын төсвийг батлуулах, нэмэгдүүлэхэд тодорхой төсөл, ТЭЗҮ хэрэгтэй тул хууль дүрмийн дагуу соёлын байгууламжуудын холбогдох зураг төслийг хийж дуусах ёстой. Ямартай ч ирэх оны төсөвт Угсаатны зүйн музейн барилгын хөрөнгийг тусгуулахын тулд хичээн ажиллана. Мөн энэ талаар тойргоос сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллах болно гэдгээ Соёлын сайд Ч.Номин хэллээ.


Тэрээр ийн ажиллах үеэрээ салбарын зарим ажилчдыг яам болон Засгийн газрын шагналаар шагнаж урамшуулав. 

Холбоотой мэдээ