ЗАВХАН: Ахмад настнуудад чиглэсэн зорилтот хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-06 17:27:09

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн ахмадын байгууллагын VIII бага хурал болж, 24 сумын 230 орчим ахмад оролцжээ.

Хуралд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож аймаг, орон нутгийн хэмжээнд хийж буй томоохон бүтээн байгуулалт, төлөвлөлтийн тухай ахмадуудад мэдээлэл өгч, ковид-19 цар тахлын амаргүй үеийг даван туулахад ахмадууд манлайлан оролцож, эрүүл мэндийн салбарт ахмад настны зөвлөгөө үзүүлж ажилласанд талархаж байгаагаа онцолсон. Мөн аймгийн хөгжлийн бодлогын хэтийн төлөвт хүнээ дээдэлсэн, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс болох үндэсний өв соёлоо хөгжүүлэх. Түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч буйгаа тодотгож, ахмадууд маань залуу хойч үедээ зааж сургах, үлгэр дуурайлал үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цаашид ахмад настнуудад чиглэсэн тодорхой зорилтот болон хөтөлбөрт үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн хурлаар аймгийн ахмадын байгууллагаас өнгөрсөн дөрвөн жил хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүгнэж, энэ онд хийх ажлуудаа төлөвлөж хэлэлцлээ. Мөн ахмадын байгууллагын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, аймгийн Ахмадын хорооны даргад Д.Норовсамбуу, Д.Энхжаргал нар мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдөж, олонхын саналаар Д.Энхжаргалыг сонголоо.

Харин тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, өмнө нь ажиллаж байсан удирдлагуудын ололт, амжилтыг үргэлжлүүлэн, ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо. Энэ удаагийн ахмадын их хуралд төлөөлөгчөөр оролцсон ахмадууд дотор, Монгол Улсын гавьяат багш У.Дэмбэрэлнямбуу, С.Цэрэндулам, гавьяат тээвэрчин Д.Дашдондог, гавьяат эх баригч Д.Жавзандулам нарын гавьяатууд оролцсон нь онцлог байв гэж аймгийн Ахмадын хорооноос мэдээлэв.

Ташрамд Завхан аймаг 72 823 хүн амтай, үүнээс 65 ба түүнээс дээш насны хүн ам 4.6 хувийг нь эзэлж байна.

 

Жилд 600 гаруй ахмад сувиллаар үйлчлүүлдэг

Ахмадын их хурлын үеэр яригдсан халуун сэдэв нь тэдний нийгмийн халамжид хамрагдаж буй байдал. Хөнгөлөлттэй үнээр сувилуулж, эмчлүүлэх асуудал байв. Зарим ахмад жил бүр хөнгөлөлттэй үнээр сувилуулж чаддаг бол зарим нэг нь хамрагдаж чаддаггүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэлцээ дутмаг байгаа талаар ярьж байлаа.

Өнгөрсөн жил Завхан аймгийн хэмжээнд 680 гаруй ахмад хөнгөлөлттэй үнээр сувилуулсан бол энэ жил он гарсаар 120 гаруй ахмад настан сувилуулаад буй. Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй байдаг. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын ямар ч газар ахмадууд сувилуулах боломжтой юм. Энэ жил Завхан аймагт Одчим, Түвшин Амаржаргалан ХХК-ийн Алтанбулаг амралт, Өв залгамжлагч, Улаан Хаалга дахь Чигэстэй Ундраа, ХХҮГ-ын дэргэдэх ахмадын Өвөржанчивлан зэрэг амралт, сувиллын газар ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Дээрх амралт, сувиллын газрууд нь ахмадуудад ихэвчлэн шавар, бариа, зүү төөнүүрийн эмчилгээг сэтгэл засал чийрэгжүүлэлттэй хослуулан хийдэг. Мөн зарим газар рашаан усанд оруулах, бумба тавих, сүү цагаан идээгээр эмчилдэг. Ер нь тухайн ахмад настан маань ямар зовуурьтай, ямар үйлчилгээг хүсэж байгаатай нь холбогдуулаад сувилж эмчилдэг гэж аймгийн Ахмадын хорооноос нэмж мэдээлэв.

 

Холбоотой мэдээ