ХОВД: 82 жилийн дараа төрийн наадмын түрүү бөх, МУ-ын аварга тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-13 10:51:17

Ховд /МОНЦАМЭ/.  Ховдынхон энэ жилийн улсын наадмаар бөх, морь, сурын харваа гээд эрийн гурван наадмын түрүү авсан байна.

Тодруулбал, түүхэн, хос ой тохиосон Үндэсний их баяр, наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай арав даван түрүүлж, 32 насандаа  Улсын аварга цол хүртлээ. 

Тэрбээр Улсын харцага цолоо ийнхүү ахиулж, Улсын аварга болсонд нутгийн иргэд бахархаж байгаагаа илэрхийллээ.

О.Хангай нь Ховд нутгаас 82 жилийн дараа төрсөн төрийн наадмын түрүү бөх, анхны Улсын аварга цолтон гэдгээрээ онцлогтой.


Мөн  Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Үндэсний их баяр, наадмын хүчит бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Улсын заан цол хүртсэн. Тэрбээр Ховд аймгаас төрсөн найм дахь Улсын заан цолтон боллоо.  

Түүнчлэн тав даван Улсын начин цол хүртсэн Буянт сумын харъяат Б.Сосорбарам нарт нутгийн зон олон, иргэд баяр хүргэлээ.


Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан буюу “Соёолонгийн уралдаан”-ы түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Батсуурийн Энхбаярын халтар соёолон шалгарчээ.  


Үүнээс гадна  Урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат “Хан харваа” сурын холбооны харваач,  Б.Мөнхзориг товх харван түрүүлж "Урианхай сурын Улсын мэргэн", "сурын спортын мастер" цолны болзлыг хангалаа.  Ийнхүү Ховд аймгаас Урианхай сурын улсын мэргэн шинээр тодорчээ. 



Холбоотой мэдээ