ХОВД: Өв соёлоо уламжлагч шилдэг сумаар “Алтай сум” шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-27 13:02:21

Ховд /МОНЦАМЭ/. Захчин түмний өв соёлын "Тонжоо" их наадмын хүрээнд өв соёлоо өвлөн уламжлагч шилдэг сум шалгаруулах уралдаан болов.

Энэхүү уралдааны зорилго нь соёлын биет болон биет бус өв, зан үйл, ёс заншил, эд хэрэглэлийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэн сурталчлахад чиглэж байлаа.

Уралдааныг партизан Тогтохын Найдангийн ураг удам, үр сад болсон ахан дүүс 100.000.000 төгрөгөөр ивээн тэтгэж, дэмжин урамшууллаа.  

Тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тус уралдааны шилдгүүд ийнхүү тодорчээ. Энэ уралдаанд Алтай сумынхан түрүүлж Toyota estima маркийн автомашины эзэн боллоо.  

Харин Үенч сумынхан  хоёдугаар байр эзэлж 20.000.000 төгрөг, Манхан сум гуравдугаар байр эзэлж 15.000.000, тусгай байрт Мөст, Зэрэг сумынхан шалгарч тус бүр 7.500.000 төгрөгөөр шагнуулсан байна.   

Бэр гуйх, гэр бүрэх ёс болон захчин хурим, найр, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, унага тамгалах зэрэг захчин угсаатны биет, биет бус соёлын хүрээнд  уламжлалт найрын зан үйлийг хийж мартагдсан зан үйл, ёс заншлыг үйлдэл бүрт харуулж сэргээн таниулав. Иймээс сум бүрт баримтат кино бүтээлгэн өгч өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хадгалан хамгаалахаа албаныхан илэрхийллээ. 

 

 

Холбоотой мэдээ