Хятад улс Тайванийн эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт эхлүүллээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-04 14:10:32

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай томоохон хэмжээний сургуулилалт эхлүүллээ гэж тус улсын төв телевиз мэдээлэв.  


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайбэйд хийсэн айлчлалын хариуд хийж буй сургуулилалт орон нутгийн цагаар 12:00 цагт арлыг тойрсон зургаан бүсэд эхэлсэн бөгөөд ням гаргийн үд дунд хүртэл үргэлжлэх юм. 


Тайванийн төв мэдээллийн агентлагаас урьд нь мэдээлснээр, ХАЧА сургуулилалт хийх зургаан бүсийн гурвыг нь арлын захиргаа өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бүсэд сонгожээ. Ийм бүсүүдийн нэг нь баруун өмнөд эрэгт нь байрладаг Тайванийн хамгийн том боомт болох Гаошюнаас 20 орчим км-ийн зайд байгаа бол нөгөө хоёр нь баруун хойд эргийнх нь ойролцоо аж.


Цэргийн сургуульд "J-20", "J-11" загварын сөнөөгч онгоцууд, стратегийн бөмбөгдөгч онгоц болох "Н-6К", "052D" төслийн эскадрын мина зөөгч хөлөг онгоц, "056А" загварын корветүүд оролцоно гэж Хятадын "Глобал таймс" сонин мэдээлжээ. Үүнээс гадна, ХАЧА ойрын зайн тусгалтай "DF-11" баллистик пуужин, дуунаас хурдан зэвсгийн "DF-17" цогцолборыг ашиглана. Эдгээр сургуулилалтын үеэр ердийн цэнэгт хошуутай пуужингууд анх удаа Тайванийн дээгүүр шууд нисэж, эргээс нь зүүн зүгт буй "байг" онох төлөвтэй байна гэж сонинд онцолжээ. "Глобал таймс"-ын мэдээлснээр, ХАЧА усан орон зайг бүслэх, тэнгист болон агаарт байлдааны ажиллагаа явуулах тактик боловсруулна. 


Шинжээчдийн онцлон тэмдэглэж буйгаар, цэргийн сургуулийн зургаан бүсийн тав нь Тайванийн хоолойн дундын шугам гэж нэрлэгддэг, эх газрын Хятад болон арлын хоорондох хилийн үүргийг гүйцэтгэдэг зааглах хэсгээс зүүн зүгт аж. "Энэ нь ХАЧА-ийн шууд үйлдлээр энэ шугам байгаа нь үгүйсгэгдсэн гэсэн үг юм" гэж Хятадын цэргийн шинжээч Жан Сюэфэн хэлсэн байна. 


ХАЧА-ийн томоохон сургуулилалтуудын талаарх мэдээ АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелосигийн сууж явсан онгоц Тайванийн Суншань нисэх онгоцны буудалд мягмар гаргийн орой газардсаны дараахан гарч эхэлсэн юм. Сургуулилалтын үеэр байлдааны буудлага хийх тул БНХАУ-ын эрх баригчид иргэний агаарын тээврийн нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудыг дурдсан зургаан бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ удаагийн сургуулилалт цар хүрээгээрээ 1996-1997 оны Тайванийн хямралын үеэр хийж байсан ийм сургуулилалтынхаас давна гэж шинжээчид үзэж байна. 



Холбоотой мэдээ