ХОВД: 400 өрхийг хөнгөлөлттэй үнээр цэвэр, бохир усны шугамд холбохоор болжээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-12 11:54:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өртөг, төлбөр өндөртэй орон сууцанд биш, өөрийн амьдарч буй орчиндоо ая тухтай амьдрах боломжийг олгох зорилготой “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн жилүүдэд Ховд аймгийнхаа гэр хорооллын айлуудыг гаднаа ил жорлонгүй, гэртээ нүүрс түлэхгүй, худгаас усаа авахгүй, хашаандаа хүлэмж, ногоон байгууламжтай байлгахын төлөө цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг албаны хүмүүс санаачлан төсвийн хөрөнгө оруулалтаар Баатархайрхан, Бичигт, Тахилт багт хийж дууссан. Одоо дараагийн дөрвөн баг болох Алагтолгой, Бугат, Буянт, Хайрхан багт хийж эхлэх гэж байгаа.

Иргэд мэдээлэл дутмаг, төрийн байгууллагуудын санаачилга дутуу байдлаас болж шугам сүлжээ бүрэн ашиглалтад орсон Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн нийт 1900 гаруй өрхөөс ердөө 100 гаруй өрх л цэвэр, бохир усны шугамд холбогдсон.

Угтаа 1900 айл бүгд л хашааныхаа үүдэнд байгаа шугамаас 10-30 метр шугам татаад л цэвэр, бохир устай болох бүрэн боломжтой.  

Энэхүү ажил нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэн, айл өрхүүдээ орон сууцнаас дутахгүй эрүүл, аюулгүй, тохилог сайхан амьдруулах зорилго агуулж буй.

Иймээс энэ жил Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн 400 өрхийг хөнгөлөлттэй үнээр шугамд холбохоор болжээ. Тодруулбал цэвэр, бохир усны шугамд холбоход гарах зардлын 10 хувийг иргэд, 90 хувийг төрөөс санхүүжүүлэх (30 метр хүртэлх шугам) юм. 

Өнөөдрөөс эхлэн Баатархайрхан багийн албан ёсны хүсэлтээ ирүүлсэн айлуудад хэмжилт хийж, шугам холболтын ажил эхлэх юм байна. Иймд хараахан өргөдлөө өгч амжаагүй Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн айл өрхүүд газрын гэрчилгээний хуулбар, эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар, кадастрын зураг, гар өргөдлөө бүрдүүлэн Газрын албаны 302 тоотод “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн нэгжид хүргэхийг зөвлөлөө. Дэлгэрэнгүй мэдээллийг 80083439 утсаар лавлах боломжтой.   

Холбоотой мэдээ