ЗАВХАН: Эрдмийн уулзалтаар эрүүл мэндийн үзлэг хийж зөвлөгөө өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-25 12:01:17

Завхан /МОНЦАМЭ/.Тус аймагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, шавийн эрдмийн уулзалт болжээ.


Завхан аймаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дэмжиж, тасралтгүй хөгжих боломжийг бодлого болгож ажиллаж буй. Тухайлбал, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Засаг даргын 2021 оны А/264 дүгээр захирамжаар “Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй хөгжүүлэн, дадлага туршлагатай, мэргэжлийн чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтнийг төлөвшүүлэх. Дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго тавьсан. Энэ зорилгын хүрээнд “Чадварлаг эмч” арга хэмжээг жил бүр явуулж байгаа. Энэ арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар оролцсон “Багш, шавийн эрдмийн уулзалт”-ыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улиастай суманд зохион байгууллаа.

Багш шавийн эрдмийн уулзалтын зорилго нь Монгол Улсын хөгжилд АШУҮИС-ийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах. Шинжлэх ухаан, түүний дотор анагаах ухаан, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацийг түгээн дэлгэрүүлэх. Төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлэх. Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусамж үйлчилгээ, зөвлөгөөг нээлттэй үзүүлэх юм. Энэ удаагийн арга хэмжээний үеэр эмч, мэргэжилтнүүдэд орон нутгийн онцлогт тохирсон захиалгат сургалтыг хийж нийт 70 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо. Харин эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1600 гаруй иргэд оролцлоо. Багш шавийн эрдмийн уулзалтанд АШУҮИС-ийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва тэргүүтэй эрдэмтэн багш нар оролцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Эмч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч байгаа

Завхан аймаг орон нутгийн түвшинд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал болох эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэг боловсролыг байнга тасралтгүй дээшлүүлэх ажлыг хийж байгаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах. Багийн эмчийг орон нутагт хүрэлцээтэй ажиллуулах, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг чухалчлан үзэж анхаарч ажилладаг тухайгаа аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал арга хэмжээний нээлтийн үеэр онцолж байв. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 107 байгууллагад их эмч 195, эм зүйч 31, био анагаахын мэргэжилтэн дөрөв ажиллаж байна. Харин сувилагч 283, бага эмч 80, эх баригч 41, бүртгэл мэдээллийн ажилтан 29, лаборант 39 ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан технологи хариуцсан мэргэжилтэн гурав, дүрс оношилгооны техникч, эм найруулагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гээд, бусад дээд мэргэжилтэн, ажилтан гээд нийт 1145 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.


Аймгийн хэмжээнд 10000 хүн амд ногдох их эмчийн тоо 24.8 хувь, сувилагч тусгай мэргэжилтний тоо 74.8 хувьтай байна. Харин аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт клиникийн профессор найм, анагаах ухааны магистр 25, докторант эмч хоёр ажиллаж байна. Ташрамд тус аймаг АШУҮИС-тай хамтран ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ