ДАРХАН-УУЛ: Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүртгэл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-24 19:37:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролд 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах 2-5 насны хүүхдийн бүртгэл зохион байгуулагдаж дууслаа.


Энэ жил төрийн өмчийн 30 цэцэрлэгийн 241 бүлэгт 2-5 насны нийт 2498 хүүхдийг шинээр элсүүлнэ. Төрийн бус өмчийн 9 цэцэрлэгт 1200 орчим хүүхдийг хамруулна.

Тухайлбал Дархан-Уул аймгийн Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг 2-5 насны 280 хүүхдийг сургах хүчин чадалтай. Энэ жилийн бүртгэлээр шинээр хоёр настай 75, гурван настай найм, дөрвөн настай зургаа, таван настай таван хүүхэд нэмэлтээр бүртгэжээ. Бүртгэл, шинжилгээг цэцэрлэгүүд өөрийн байрандаа хийж байгаа нь эцэг эх, хүүхдүүдэд хүндрэл, чирэгдэлгүй байгааг онцолж байлаа. Шинээр элсэн орох хүүхдүүдийн квот харьцангуй их байгаа учир хоёр настнууд бүрэн харагдах боломж бүрджээ. Харин 4-5 настай хүүхдүүдийн нэмэлт элсэлтийн тоо бага учир бүртгэлд багтахгүй байх гэсэн болгоомжлол эцэг эхчүүдэд байна. Тиймээс зарим нь шөнө ирж хонож дугаарлажээ. Аймгийн хэмжээнд СӨБ-ын байгууллагын хамрагдалт 92 хувьтай байна.


Түүнчлэн цэцэрлэгийн бүртгэл, шинжилгээтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Тархвар судлаач Л.Өлзийжаргал нар цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг болон шинжилгээний зохион байгуулалтад хяналт тавьж, удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна. Шинжилгээ 2022 оны 08 дугаар сарын 22-30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдээ шинжилгээнд хамруулахаар ирэхдээ амны хаалтаа зүүхийг анхааруулж байлаа. 

Холбоотой мэдээ