АРХАНГАЙ: Үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй Ногоон дарь эх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Архангайн Музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлдэг бурхан шашны холбогдолтой, сонирхолтой үзмэрүүд бий. Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.
Аймгийн музейд хадгалж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Ногоон дарь эх танкаг танилцуулъя.
Ногоон дарь эх танка нь шороон будаг, зотон, 46.5х38 см хэмжээтэй аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.
Үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй Ногоон дарь эх.
Үүлэн дунд солонгон хүрээтэй гэрлэн биеийн өмнө баруун мутраар өглөгийн, зүүн мутраар авралын мутарлаг үйлдэн, удвал цэцгийн ишнээс чимхэж, бадам цэцгийн саран мандал дээр заларчээ. Тэрээр тэргүүндээ эрдэнийн титэм, лагшиндаа улаан хив торго, хөх хормогч соёрхжээ. Түүний доор Одсэржанмаа, Ралжигмаа шавь нар нь дагалдаж, тэдгээрийн өмнүүр хөгжим тоглох дагинас үүлсийн дээр оршино.
Ногоон дарь эхийн орой дээр Авид, баруун дээр нь Мял
богд, зүүн дээр нь Нархажид бурхан заларчээ. Бүтээлийн доод хэсэгт усны мандал,
уул толгод дээр элдэв тахил өргөж, сүм дуган, араатан, жигүүртэн, төрийн долоон
эрдэнэ, сүсэгтнүүдийг дүрсэлжээ. Зургийн зүүн доод буланд давхар олбог бүхий
сэнтий дээр Банчин Богд заларна. Түүний өмнүүр таван хошуу мал, аяга тахимаг,
сүсэгтэн олон хүрээлэх ажээ.