БУЛГАН: Дандар аграмба XIII Далай багшийн багш төдийгүй Ганжуурын 108 ботийг ариутган шүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-10 15:26:58

Булган, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ганжуурын 108 ботийг ариутган шүүсэн Шадавдандар буюу Дандар аграмбын ном эрдэм хувилгаан шидийг Монголд төдийгүй Төвөд, Энэтхэгт биширч сургаалыг нь даган мөрддөг ажээ.


XIII Далай багш 1905 онд Дандар аграмбатай 12 үзүүлэлтээр ном хаялцаж дийлэгдэж шавь нараа явуулаад ч бараагүй тул өөрөө шавиар орж байжээ. Дандар аграмба агаарт жингүйдэж хөөрдөг, гантай сэлмийг зангиддаг хувилгаан хүн байсан ажээ.

 

Монголын бурхан шашныг шинэтгэх урсгалын гол төлөөлөгчдийн нэг Дандар аграмба нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханхай багт 1935 онд төрсөн байна.


Тэрээр ном эрдэм билгийн чанадад хүрсэн, номын хүчээр омог дээрэнгүйг няцааж, буян бусын үйлийг цээрлэж, нигүүлсэхүй сэтгэлтэй болсон номч мэргэн гүн ухаантан байжээ. Түүний туурвисан олон бүтээл нь үе үеийн эрдэмт хүмүүсийн сэтгэлийг булаагч толь болсоор байгаа билээ.


Тэрээр 70 нэрийн бүтээл, 30 сүмбумыг дүүргэсэн. Энэтхэгийн мэргэдийн их бага таван ухааны хамгийн хүнд хэцүү зохиолуудыг задлан шинжилж, өөрийн шинэ санаа, дүгнэлтээр баяжуулсан байдаг.


Мөн орчуулгын зохиолуудын хэвлэлийн болон утгын алдааг шүүн засварласан бөгөөд Ганжуурын 108 ботид хийсэн ариутгал нь алдартай эрдэмтэн болохыг нотолдог ажээ.


Тэрээр 'хоосон чанар'-ыг үзүүлэхдээ номын шидийг хэрэглэн дуганы луу ороосон модон баганыг нүцгэн гараараа таслан нийлүүлж, цонхоор туссан нарны туяан дээр хөөргийн даалингаа тохож тогтоодог байсан гэдэг.

 

Дандар аграмба гэгээрхүй, нирваан, нисваанс хэмээх ойлголтуудыг ёс суртахууны хүрээнд оруулан эсрэг тэсрэгийн харьцаагаар шүтэлцүүлэн билигт хүрэх аргыг арга билгийн хослолоор харуулж чадсан нь ихээхэн ач холбогдолтой.


Тэрээр эрдэм номд боловсрох тусмаа амьдарч байгаа цаг үе, нийгмийн орчин, улс төрийн амьдралын эрээн бараан явдлыг гүнзгий ухаарч байжээ. Тийм ч учраас шашны хямрал, хутагт хувилгаадын болон дээд лам нарын ёс суртахууны доройтлыг шүүмжилж, түүнийг сохроор бишрэн дагаж байгааг зогсоохыг уриалж байв. Энэ үзэл санаа нь өөрийн багш Содномдаш, Шижээ гавж нарын хүсэлт гэрээсээр 1860 онд бичсэн 'Үг утга нь тодорхой цадигийн тайлбар, цалгай явдлын хорт өргөсийг талхлагч очирын галын оч' хэмээх зохиолд нь тод тусгагдсан байна.

 

Холбоотой мэдээ