ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны долоодугаар сарын 23-ны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан байгууллага болгоход холбогдох судалгаа хийхийг үүрэг болгосон юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Иймд хууль, эрх зүйн орчин бүрдэх хүртэл Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Цагдаагийн төв байгууллагын харьяа алба болох Мөрдөн байцаах албаны нэрийг Мөрдөн шалгах алба, Хэрэг бүртгэх албаны нэрийг Гэмт хэрэг, зөрчил шалгах алба болгон өөрчиллөө.
Улсын хэмжээнд 2021-2025 оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1021 гэмт хэрэгт 987 иргэн холбогджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдэж, 97 иргэн яллагдагчаар шалгагдсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.5 хувиар өссөн байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуус эзэлж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.