ДУНДГОВЬ:Ураны хайгуулыг эсэргүүцэгч иргэд УИХ-ын гишүүдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-26 11:17:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн нутагт “Хайрхан” ураны тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гурвансайхан” компани өнгөрсөн сард хайгуулын өрмүүдээ зоож эхэлснээр нутгийн иргэд, малчдын хүчтэй эсэргүүцэл өрнөж байна.


Чех, Монголын хамтарсан “Гурвансайхан” компани тус сумын Буянт багийн орчимд 4628,42 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-020629 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 1994 оноос ураны хайгуул хийж эхэлжээ.


Хор хөнөөл захаасаа мэдрэгдэж, 2005 онд тус нутагт ураны хайгуул  хийж эхлэх үеэр  энэ хавийн малчдын 1000 орчим ямаа  нэг дор үхэж, 2020 онд тус сумын 1, 2-р багийн нутагт 10 км орчим радиуст нутагладаг 10 гаруй малчны хотонд 30 гаруй хурга хөл дээрээ босч чадалгүй, хэвтэж байгаад үхсэн төдийгүй толгойгүй ишиг гарч байсан аж.


Түүнээс хойш өнөөг хүртэл энэ нутгийн мал тодорхойгүй өвчлөлөөр бөөнөөр үхэх, урьд байгаагүй гажигтай төл гарах, идшинд хэрэглэсэн болон гэнэт үхсэн малын гэдэс, дотор эрхтэн идээ бээр, наалдацтай, тодорхой бус өвчлөлтэй байгаа гэдгийг нутгийн малчид ярьж байна.


Албан ёсоор судалгаа хийгээгүй ч гэсэн ураны хайгуул хийж эхэлснээс хойш энэ орчимд нутагладаг хүн амын дунд хорт хавдар болон бусад өвчний өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэдгийг ч тэд ажиглажээ.


1994 оноос хойш ураны хайгуул хийж эхэлсэн үеэс л иргэд эсэргүүцэж эхэлсэн аж. Учир нь тус компани тэр хавийн худаг усыг шавхаад, өрмөндөө аваачиж хийгээд, тэр хонхроор дүүрэн цэнхэр өнгөтэй ус урсгаад, тэрийг нь мал ууж хордож үхээд, тэр үеэс л “уран” гэж хортой, зэвсэг хийдэг эд байна гэж мэдээд л эсэргүүцсэн хэмээн иргэн Н.Батбаяр хэллээ.


2019 онд мэргэжлийн байгууллагаас  цацрагийн хэмжилт хийхэд зарим өрөмдлөгийн цэг дээр 1,23 буюу байгаль дээр байх дээд хэмжээнээс 6 дахин өндөр гарч байжээ. Тиймээс Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын удирдлага, иргэдийн зүгээс 2020 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн С.Батболд, ЗГХЭГ-т хандаж тус сумдын нутаг дэвсгэрт ураны хайгуулын лиценз бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгах хүсэлт гаргасны дагуу МХЕГ болон мэргэжлийн байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчдаас бүрдсэн хяналт шалгалтын баг дээрх дөрвөн сумын нутагт ураны ашиглалтын гурван лиценз эзэмшиж буй “Гурвансайхан” компаний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, цацрагийн хамгаалалт,  аюулгүй байдлын норм стандартуудыг зөрчсөн  болохыг тогтоон,  6 зүйл заалт бүхий  албан шаардлагыг хүргүүлж байсан.


Нутгийн иргэд 2000 оноос эхлэн нутагтаа уран олборлохыг эрс эсэргүүцэн хэдэн зуугаараа гарын үсэг зуран Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад олон удаа хандаж ирсэн  байна.


Энэ оны 08 дугаар сарын 16-нд аймгийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг томилж,  аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан тус ажлын баг газар дээр нь ажиллан,  “Гурвансайхан” ХХК, малчид хоорондын зөрчилдөөн, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа байдал, гараад байгаа малын зүй бус хорогдлын асуудлыг судалжээ.


Тус ажлын баг компаний хайгуулын үйл ажиллагаанд ашиглаж буй усыг гэрээнд заасан худгаас бус хяналтын цооногоос авч хэрэглэсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, Өлзийт сумын Буянт багийн ойр орчмын үхсэн малаас дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ гэсэн мэдээлэл өгсөн.


Иргэдийн эсэргүүцэл, тэмцэл үргэлжилж, тус сумын иргэд өчигдөр Улаанбаатар хотноо хэвлэлийн бага хурал хийж, нөхцөл байдлыг танилцуулсан.      


Хэвлэлийн бага хурлын дараа тус сумын иргэд, сум орон нутгийн удирдлагын төлөөлөл УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нартай уулзаж, ураны хайгуулын ажил хийж буй компаний үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль экологи, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг танилцуулан иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг гишүүдэд хүлээлгэн өгчээ.


Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд Өлзийт сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудад албан тоот хүргүүлэн ажиллаж буйгаа танилцуулж, УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд,  ард иргэдийн төлөөлөл, мэргэжлийн хуульчдыг оролцуулсан ажлын баг байгуулж, үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах санаачилга гарган, цаг алдалгүй ажлаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ