ДУНДГОВЬ: Ж.Өлзийжаргал: "Цагаан идээний үзэсгэлэн, худалдаа" нь чуулганы үр дүнг тодорхойлох зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-29 16:20:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МЭХ-ны Дундговь аймаг дахь салбар, 15 сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 9 дүгээр сарын 7-нд Мандалговь хотноо "Цагаан идээний үзэсгэлэн худалдаа" зохион байгуулна.

Энэ оны 5 дугаар сард тус байгууллага анх удаа “Дундговь аймгийн Саальчин эмэгтэйчүүдийн чуулган” зохион байгуулж, чуулганаас нийт малчид, саальчдад хандан уриалга дэвшүүлсэн юм.

Тус уриалгад малчин эмэгтэйчүүд уламжлалт мал аж ахуй, өв соёлоо тээгч, баялаг бүтээгчид үйлдвэрлэгчид юм гэдгийг онцолж, өвөг дээдсээс уламжлан ирсэн арга, технологиор сүү, цагаан идээгээ боловсруулж, зах зээлд нийлүүлэн аймгийнхаа сүү цагаан идээний хэрэгцээг хангахыг уриалжээ.

Тус өдөрлөгийн зорилго, үйл ажиллагааны талаар МЭХ-ны аймгийн салбарын тэргүүн Ж.Өлзийжаргалаас тодруулахад “Өнгөрсөн хавар зохион байгуулсан чуулга уулзалтаас гарсан уриалгын хэрэгжилт болон чуулганы үр дүнг тодорхойлж, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг холбох, малчин эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Энэ жил манай аймгийн хувьд ихэнх сумдад бороо хур элбэг, сайхан зун болсон. Тиймээс 15 сумаас малчин эмэгтэйчүүд маань идэвхтэй оролцох байх.  Шилдэг цагаан идээний төрлүүдийг шалгаруулж алдаршуулна.

Сүүлийн жилүүдэд аргалаа түүн, галаа түлж цагаан идээгээ боловсруулдаг айл өрх цөөрсөн, ямаагаа ч гүйцэд саах нь багассан гэдгийг чуулганы төлөөлөгчид онцолж, сүү цагаан идээгээ бэлтгэдэг уламжлалт арга, технологи, өв соёлоо хадгалж, ирээдүй хойчдоо өвлүүлэх, эрүүл мэндэд аюулгүй, уламжлалт сав суулгаа ашигладаг байх, аймгаараа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох зэрэг санал санаачилгууд гарч, түүнийг уриалгадаа тусгасан.

Манай аймгийн Гурвансайхан, Дэрэн, Говь-Угтаал сумын дугуй цагаан ааруул маш амттай, Улаанбаатараас ялангуяа энэ л ааруулыг маш ихээр захиалж авдаг. Тиймээс энэ ааруул бол бараг л манай аймгийн брэнд болох бүтээгдэхүүн гэж боддог. Цаашдаа бид савлагаа, хаяг шошго, патентжуулах зэрэг үйл ажиллагаан дээр нь дэмжээд ажиллавал удахгүй “Дундговийн брэнд ааруул” бий болно гэж боддог шүү” гэлээ.  



Холбоотой мэдээ