ХОВД: Залилах гэмт хэргийн 81.4 хувь нь цахим орчинд үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-29 19:16:43

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, фэйсбүүк ашиглан худал мэдээлэл тараах, бусдыг хууран мэхлэх, мөнгө, эд хөрөнгийг нь залилах гэмт хэрэг их гарч, иргэд цахимаар залилуулж хохирсон гомдол мэдээллийн тоо нэмэгдэх болжээ.        

Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 2022 оны эхний найман сард 377 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 103 нь залилах төрлийн гэмт хэрэг байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь өмнөх оны мөн үеэс 54.3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ийнхүү бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 81.4 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.

Судалгаанаас үзэхэд, энэ онд иргэд хамгийн дээд тал нь 72 сая төгрөгийг баталгаат бус данс руу шилжүүлж, залилах гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол Ховд аймагт бүртгэгдсэн байна.

Иргэд залилах төрлийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд аливаа мэдээллийг нягтлан шалгах, найз нөхөд, ойр дотны хүмүүсээс яаралтай мөнгө хэрэгтэй байгаа талаар хүсэлт ирвэл заавал тодруулан асууж байх, хувийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг Ховд аймаг дахь Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. 

 

Холбоотой мэдээ