А.Баярцэцэг: Сансрын нисэгч болохыг мөрөөддөг байсан болохоор дэлгэцэнд тэр дүрээ бүтээхийг хүсдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
bolor@montsame.mn
2022-08-31 11:22:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүжигчдийн ур чадварыг олон улсад таниулж яваа жүжигчин, продюсер А.Баярцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Явуулын хүн”, “Хөхөө”, “Ээж хадны домог”,  "Хөх тавилан", АНУ-ын Netflix компанийн бүтээл "Марко Поло" цуврал,  Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition”, “The Power” зэрэг 20 гаруй кинонд тоглосон юм.


 -Сүүлийн үед ямар уран бүтээл, төсөлд ажиллаж байгаа талаар яриагаа эхлэе?

-Хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл  “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондонгийн Вест Энд /London`s West End/ дэх театруудад гаргах продюсерийн багт ороод ажиллаж байна. Саяхан бид Англиас маш туршлагатай гурван продюсерийг авчран, жүжгээ үзүүлж, жүжгийн багийнхантайгаа танилцуулан монголын соёлоо сурталчлан хамтран ажиллахаар болсон. Вест энд дэх театрт гарах үйл явц хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Тиймээс ирэх жил энэхүү жүжгийг Лондонгийн Вест Энд-д тоглоно гэсэн “хар төлөвлөгөөтэй” байгаа.

 

-Жүжгийг англи хэлээр тоглох уу?

-Монгол хэл эсвэл англи хэлээр тоглох уу гэдэг шийдлийг ярьж байгаа. “Тамгагүй төр” жүжгийг Монголд жуулчдад зориулан тоглож байгаа учраас олон хэлээр орчуулсан. Лондонгийн Вест Энд дэх театрт аливаа жүжгийг англи хэлээр тоглодог. Гэсэн хэдий ч сүүлийн үед барууны орнуудад ковидын дараа хүмүүс хадмал орчуулгатай кино, театрын жүжгийг гадаад хэлээр үзэх сонирхол ихтэй болсон. Өмнө нь өөр хэлээр тоглох боломжгүй, үзэгч төдийлөн байдаггүй байсан бол одоо үнэхээр сайн жүжиг, киног монгол, хятад, эсвэл өөр хэлээр үздэг болсон. Жишээ нь, бид БНСУ-ын “Squid game” киног Нетфлекс /Netflix/-ээс солонгос хэлээр англи хадмал орчуулгатай үзэж байгаа шиг монгол, англи аль хэлээр ч тоглож магадгүй. Тиймээс манай жүжигчид хэлний мэдлэгээ сайжруулах бэлтгэлтэй байх шаардлага тулгарч байна.

 

-Одоогоор продюсерийн ажлаа голчлон хийж байгаа юу?

-Жүжигчний ажлаа хийж байна. Мөн хажуугаар нь продюсер хийдэг. Саяхан  Молпедиагийн VОО-д гарах олон ангит “Молко” телевизийн богино хэмжээний киноны зураг авалт дууссан. Энэ кинонд жүжигчнээрээ ажилласан. Удахгүй нээлтээ хийнэ.

 

-Маркетинг менежмент, бизнесийн удирдлагын мэргэжилтэй хүн кино урлагийн салбарт яагаад орох болов. Багын хүсэл мөрөөдөл нь нөлөөлөв үү?

-Бага байхдаа кино найруулагч, сансрын нисэгч болно гэж мөрөөддөг байлаа. “2025 онд НАСА-д ажиллана” гэж өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан. Багаасаа нууцлагдмал хүүхэд байсан шиг байгаа юм. Өөрийгөө хөгжүүлэх боломж олдоогүй, эсвэл анзаарч үзээгүй юм уу их сургуулиа төгсөөд ажлын байранд гарсныхаа дараа кино урлагийн салбарт дуртайгаа мэдэрсэн. Хайртай зүйлдээ дурлаж ажилладаг учраас шантрах, ядрах нь бага. Ядарсан ч гэсэн аз жаргалтай ядардаг гэж хэлж болно.

 

-Хийж буй ажлын тань онцлог, хамгийн эерэг сайн тал, хүндрэл бэрхшээлтэй тал гэвэл?

-Хамгийн хайртай зүйлээ өдөр тутамдаа хийж байгаадаа дуртай. Учир нь намайг амьд байгаа мэдрэмж өгдөг.  Мөн амьдралын олон дүр, хэзээ ч мэдрэх боломжгүй өөр хүний амьдралаар амьдрах гэхчлэн туршлага, мэдрэмжид намайг аваачиж өгдөг нь хувь хүний сэтгэл зүйн талд ч гэсэн баяжуулж өгдөг. Сул тал гэвэл, цаг наргүй, төслөөс төслийн хооронд олон сараар хол явах, нэг газраа тогтвор суурьшилтай байхад хэцүү байдаг. Киногоо дагаад хаа сайгүй явдаг учраас хувийн амьдрал зохиоход илүү хүндрэлтэй талын мэргэжил юм даа.

 

-Одоо Монголдоо суурин байгаа юу?

-Монгол, Лондон гээд ирэн очин байна. Жилийн таван сард Монголдоо, долоон сард нь Лондонд амьдардаг. Би Лондонд "Core management" гэсэн жүжигчний агентлагтай. Холливудын томоохон кино төсөл болон реклам зар сурталчилгаанд сонгон шалгаруулалтад ороод, тэнцсэн тохиолдолд тухайн кино, рекламд ажилладаг. Мөн хажуугаар нь гарааны бизнес буюу “start up” хийж байгаа. Кино жүжигчдэд зориулсан телевизийн шоу уралдаант нэвтрүүлэг маань хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байгаа. “Тамгагүй төр” жүжиг болон гарааны бизнестээ Англид суугаа Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа эгчтэй хамтран ажиллаж байгаадаа талархаж явдаг.


-Та гадаадын цөөнгүй уран бүтээлд тоглож, тодорхой түвшинд танигдсан. Гадны уран бүтээлчид монгол жүжигчнийг сонгохдоо юуг нь илүү чухалчилдаг бол?

-Сүүлийн үед Холливудын кинонд ази жүжигчдэд илүү гайхалтай дүр санал болгож эхэлж байна. Өмнө нь хижээл насны, биерхүү ази байлаа гэхэд ихэвчлэн суши тогооч, бие хамгаалагчийн дүр оногддог байсан бол өнөөдөр Марвел /MARVEL/-ын томоохон цувралын гол дүрд хүртэл тоглох боломжтой болж байна. Тухайн дүр нь монгол гэж бичигдээгүй бол монгол, хятад, тайланд жүжигчин сонгоно гэдэг нь чухал биш. Усан бассейн доторх бүх ази жүжигчин хоорондоо өрсөлдөөд хэн нь илүү чадвартай, хэн тухайн дүрд хамгийн тохирч нийцэж байна вэ гэдгээс хамаарч дүрээ сонгодог.

 

-Монголчуудын болон гадныхны кинонд тоглоход хэр ялгаа мэдрэгддэг вэ?

-Гадны уран бүтээлчид маш их төлөвлөгөөтэй ажилладаг. Кино, зураг авалтаа эхлэхээс өмнө бүх ажлаа цаасан дээр буулгасан байдаг.  Бүх эрсдлийг тооцож, аюулгүй байдлын хамгаалалт маш өндөр. Тухайлбал,  морь унаж буй жүжигчин хөдөө хугалвал яах вэ гэхчлэн бүх алхмаа нарийн сайн тооцож чаддаг. Манайд бэлтгэл ажлыг хийдэг ч гэсэн хангалттай хийж чадахгүй байгаа мэт санагдаг. Гэхдээ цаг хугацааны явцад илүү сайжрах байх аа.


-Одоогоор хэчнээн кинонд дүр бүтээгээд байна вэ. Монголын болоод олон улсын киноноос хамгийн хайртай дүрээ нэрлээч?

-Дэлгэцийн 20 гаруй уран бүтээл бий. Хамгийн хайртай дүр гэвэл Нетфлекс /Netflix/-ийн Марко Поло киноны дүрдээ маш их хайртай. Холливудын уран бүтээлд хамгийн анх орж ажиллаж байсан учраас тэр. Кино хэрхэн бүтэж бий болдог вэ гэдгийг ойлгож, сурч байсан туршлага болсон учраас сэтгэлд үлдсэн.

 

-Тэгвэл ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ?

-Сансрын нисэгч болно гэж мөрөөддөг байсан учир бодит амьдрал дээр болдоггүй юмаа гэхэд дэлгэцэнд сансрын нисэгч болж гараг эрхсээр аялж байгаа дүр бүтээхийг хүсдэг.

 

-Энэ дүр намайг үнэхээр сорилоо доо гэж дүгнэсэн уран бүтээл тань? 

-Найруулагч Т.Алтантуяагийн найруулсан, Төрийн шагналт зохиолч Д.Норов агсны “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” киноны Бадамцэцэгийн дүр үнэхээр хүч, шандас сорьсон. Гол дүр учир киноны ихэнх хэсэг гол дүр дээр төвтэй байсан. Энэхүү кинонд өөрийнхөө 20, 60, 90 насны гурван цаг үеийн дүрийг найруулагчийн хүсэлтээр бүтээсэн. Тэр дундаа морь мал, амьтадтай харьцах гээд Говь-Алтай аймгийн Ээж хайрханд зураг авалтаа хоёр сарын хугацаанд хийсэн. Тухайн кинонд хүнд дүрийг гурван өөр цаг үед харуулах гэж сэтгэл зүйн хувьд маш их сорилттой тулгарч байсан.

 

-Холливудын кинонд тоглоно гэдэг мэдээж өндөр шалгууртай. Гадны уран бүтээлчдээс юуг нь сурч туршлага хуримтлуулахыг хүсдэг вэ?

-Ямар кино вэ гэдгээс шалтгаална. Хамгийн түрүүнд ноу хауг нь авах юмсан гэж хүсдэг. Холливудын уран бүтээлүүд яаж хийгдэж байна, үүнийг арай бага төсвөөр монголын хөрсөн дээр хэрхэн буулгаж, одоо хийж буй кино төслийн үйл явцаа хэрхэн сайжруулах вэ гэж продюсерийн талын нүдээр хардаг. Энэ нь миний анх сурч төгссөн маркетингийн менежмент, олон улсын бизнесийн харилцааны мэргэжилтэй холбоотой юм болов уу. Мөн гадны уран бүтээлд мэргэжлийн хандлага, ёс зүйг чухалчлан авч үздэг. Хэрвээ ёс зүйн кодыг зөрчих юм бол ажлаасаа халагдах магадлалтай  байдаг учир маш их зүйл суралцдаг.

 

-Монголдоо болон дэлхийн киноны зах зээлд өрсөлдөхөд жүжигчин хүнээс ямар ур чадвар шаарддаг бол?

-Дэлхийн киноны зах зээлд өрсөлдөхийг хүсэж байвал англи хэлний мэдлэгээ сайжруулсан байх шаардлагатай.  Яагаад вэ гэвэл монгол хэлээр ярина гэж бичигдсэн дүр л биш бол Холливудын ямар ч кинонд англи хэлээр тоглоно. Тиймээс англи хэл сайн байвал илүү өргөн хүрээний дүрийн шалгаруулалтад орох боломж нээгдэнэ. Манай жүжигчид ур чадварын хувьд маш сайн. Тиймээс цаашид англи хэлээ сайжруулахаас гадна танил талын хүрээгээ өргөжүүлэх юм бол олон улсын томоохон жүжигчний агентлаг, уран бүтээлд ажиллахад чадварын хувьд гологдохгүй.


-Жүжигчин хүн уран бүтээл бүрээсээ суралцдаг байх. Цаашид өөрийгөө аль талаар нь илүү хөгжүүлэхийг зорьж байна?

-Морин харваа сурах, Тай-чи-гаар хичээллэхийг хүсэж байгаа. Ази, ялангуяа эмэгтэй жүжигчдэд адал явдалт кинонд тоглох боломж их байдаг. Тухайн тохиолдолд тулааны урлагаар хичээллэдэг, сунгалт сайтай бол давуу тал болдог. Миний хувьд энэ талын ур чадвар дутмаг байгаа учир илүү хөгжүүлэхийг хүсдэг.

 

-Урлагаас гадна спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Сургуульд сурч байхдаа өсвөрийн “Ноён” клубт волейболын тамирчин байлаа. Их сургуульд ороод волейболоо орхисон. Гэхдээ улсын аваргын медальтай.

 

-Жүжиглэх ур чадвараас гадна “Дэлхийн мисс-2016” тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг дуудуулж байсныг хүмүүс андахгүй мэднэ. Тухайн цаг үеийг эргэн дурсвал сонин байх?

-Миний амьдралын хэзээ ч мартагдашгүй дурсамжийн нэг. Тэр өдөр 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр байсан. Маш их хайр мэдрэгдэж байсан. Тухайн үед давхардсан тоогоор долоон сая хүний санал авсан. Тэр олон сая хүний хайр, итгэл, дэмжлэгийг аваад тайзан дээр Монгол гэж дуудуулаад асуултад хариулаад зогсож байхдаа үнэхээр огшиж байсан.

 

-Кино урлагийн салбарынхан амжилтад хүрэх, олон улсад танигдах, Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ?

-Монгол Улс татварын буцаан олголттой болсон. 2022 оны 1 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Засгийн газар татварын 45 хүртэлх хувийг буцаан олгох шийдвэр гаргасан. Энэ нь дэлхийн бусад Холливудын уран бүтээлчдийг эх орондоо татах, санхүүгийн нөөцийг татаж буй орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний сайн шийдвэр гэж үзэж байна. Хуульд засах заалт байгаа ч цаг хугацааны хувьд сайжраад явна.

Мөн 4 дүгээр сард манай улс түүхэндээ анх удаа Монголын Кино урлагийн зөвлөлтэй болсон. Миний бие Монголын Кино урлагийн зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байгаа. Бид 5 дугаар сард Каннын кино наадамд манай улс татварын буцаан олголттой болсон гэдгийг албан ёсоор танилцуулж, олон улсын продюсерүүдэд сурталчлах, олон улсын кино хороотой хамтын ажиллагаа харилцаа холбоо тогтоох чиглэлээр ажилласан.


Миний бие болон манай Кино урлагийн зөвлөлийн зарим гишүүн Венецийн кино наадамд оролцох гэж байна. Бидний хийх ажил гэвэл, улсаа төлөөлөн манайд ирж кино хийгээрэй, манайд ирж мөнгөө зарцуулаарай, татварын 45 хувь хүртэл  буцаан олголттой болсон гэдэг талаас нь сурталчлах, продюсерүүдийг уриалах, бусад кино хороодтой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллана.


Энэ удаагийн Венецийн кино наадамд найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаагийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны уралдаант хэсэгт нэр дэвшсэн. Энэ бол бидний хувьд түүхэн үйл явдал болж байна.

 

Ярилцсан Ж.Болор



Холбоотой мэдээ