ЗАВХАН: Д.Азжаргал: Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 10 барилга байгууламж ашиглалтад орсон

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-09 17:42:51

Завхан/МОНЦАМЭ/. 2022 онд тус аймагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Улс, орон нутгийн төсвөөр барьж байгаа барилга, бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Азжаргалаас тодрууллаа.

 

-Энэ жил Завхан аймагт нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна вэ?

-2022 онд 46.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын 28.6 тэрбум төгрөгөөр 46 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Тодруулбал, шинээр 22 төсөл, он дамжих 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 10.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаагаас гадна төсөл хөтөлбөрийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна.


-Улсын төсвийн хөрөнгөөр ямар барилгын ажлуудыг хийж байгаа вэ? Барилгын ажлын явц хэрхэн өрнөж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Ковид-19" цар тахлаас үүдсэн барилгын материалын үнийн өсөлт зэрэг шалтгааны улмаас 17.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 барилга байгууламж ашиглалтад орж чадахгүй нөхцөл үүссэн байгаа. Дээрх барилга байгууламжийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр харьяа яамнуудад хүсэлт хүргүүлсэн. Тухайлбал, Баянхайрхан сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, Тосонцэнгэл сумын 3-р цэцэрлэгийн барилга угсралтын ажил, Тэлмэн сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга угсралтын ажил, Идэр сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга угсралтын ажил, Сонгино сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга угсралтын ажлуудын төсөвт өртөг нь өсөөд байгаа.


Мөн Эрдэнэхайрхан сумын 240 хүүхдийн сургуулийн барилга, Асгат сумын 75 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажил, Цагаанчулуут сумын спорт заалны барилга, Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил, Завханмандал сумын Сум дундын амбулаторийн барилга угсралтын ажлуудын төсөвт өртөг нэмэгдсэн байна.

Харин энэ онд улсын төсвийн хөрөнгөөр барьсан хэд хэдэн барилга ашиглалтад орсон байна.

Тухайлбал, 2021-2022 онд 13.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 10 барилга байгууламжийг ашиглалтад орууллаа. Түдэвтэй, Ургамал, Эрдэнэхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн барилга, Улиастай сумын 1-р цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орсон. Мөн Цэцэн-Уул сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Эрдэнэхайрхан сумын соёлын төвийн барилга, Сонгино, Шилүүстэй сумын сургуулийн халуун усны барилга ашиглалтад ороод байна.


Мөн 2022 онд шинээр эхэлсэн барилга байгууламжууд байгаа. Улсын болон орон нутгийн төсвийн 22.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр найман барилга байгууламжийн ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Улиастай сумын 4-р сургуулийн 640 суудалтай, спорт заалтай барилга, Цэцэн-Уул сумын 100 хүүхдийн дотуур байрны барилгын ажлууд энэ онд эхэлсэн.


Түүнчлэн Баянтэс сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга, Отгон сумын спорт заалны барилга, Цагаанхайрхан сумын спорт заалны барилга, Яруу сумын Эрүүл мэндийн төвийн барилга, Отгон сумын цагдаагийн кобаны барилга, Улиастай сумын Жинст багийн халуун усны барилгуудын ажил эхэлсэн. Энэ онд барилгын ажил нь эхэлсэн дээрх барилгуудын ажлын явц 5-60 хувьтай байгаа. Тухайлбал, 640 суудалтай Улиастай сумын IV сургуулийн барилгын ажил 35 хувьтай байна. Барилгын ажлыг “Хан жаргалант стоунс” ХХК гүйцэтгэж байгаа. Одоогоор газар шороо, ул бетон цутгах,  А,Б,В блокийн баганан суурийн хэв, хашмал арматурчлал, бетон цутгах, хар тосон түрхлэгийн ажлуудыг хийж байна.



-Завхан аймагт барьж байгаа дулааны станцын барилгын ажлын явц ямар байгаа вэ?

-Солонгосын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн 13,095,000 сая долларын санхүүжилтээр Улиастай суманд 25 МВт-ын дулааны цахилгаан станц баригдахаар ажил эхлээд байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХК, туслан гүйцэтгэгчээр “Мон энержи консалт” ХХК ажиллаж байна. Одоогоор зураг төслийн ажил төлөвлөлтийн шатанд үргэлжилж байна. Зураг төслийг хоёр үе шаттайгаар хийж энэ ондоо бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Харин барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө.


БНСУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны станцуудын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв зэргийг барих бол Монгол Улсын Засгийн газар, улсын болон орон нутгийн төсвөөс дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчдэд хүрэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм. Одоогоор барилга угсралтын хийж байна. Газар шорооны ажил дууссан, бетон бэлтгэлийн ажил хийж байна. Энэ онд зуухны буюу үндсэн барилгын суурийн ажил хийгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


-Дулааны станц ашиглалтад орсноор олон боломжийг бүрдүүлэх байх?

-Тийм ээ. Дулааны цахилгаан станц барьснаар Улиастай сумын иргэд найдвартай дулааны эх үүсвэртэй болохоос гадна, хэрэглээний халуун ус, агаарын бохирдол буурах зэрэг маш олон давуу талууд үүснэ. Мөн томоохон үйлдвэрлэл эхлэх суурь нөхцөл боломжууд бүрдэнэ гэж харж байгаа.



-Төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилгуудын чанарт хэрхэн анхаарч байна вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламжийн чанарт онцгой анхаардаг. Барилга угсралтын ажлын үе шат бүрт захиалагчийн хяналтыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын инженерүүд хийж, барилгыг графикийн дагуу чанартай бариулах тал дээр анхаарч ажилладаг. Харин аймгийн ЗДТГ-аас санхүүжилтийг түргэн шуурхай чирэгдэлгүй олгох тал дээр анхаарч ажиллаж байна.


-Ирэх жил Завхан аймгийн 100 жилийн ой. Түүхэн ойг угтсан хөрөнгө оруулалтууд мэдээж одоогоос эхэлж байгаа байх?

-Тийм ээ. 2023 онд Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтах олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил, Улиастай сумын Богдын гол багт хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Чигэстэй, Товцог багт явган хүний болон дугуйн зам байгуулах. Улиастай сумын төвд байгаа өнгө үзэмж муу барилгуудыг шинэчлэх, сайжруулах, гудамж төслийн ажлыг дуусгах гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөн эхнээс нь хэрэгжүүлж байна. Эдгээрээс онцолбол, Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн санхүүжилтээр Улиастай хотод 3.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төв талбайн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг “Дэлгэрэх төгс хийц” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нэгдүгээр хэсгийн буюу төв талбайн ажил 60 хувьтай явагдаж байна. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

 

-Энэ жил Завхан аймагт ажлын байрыг дэмжсэн ямар хөрөнгө оруулалтууд хийж байна?

-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд цагт 90 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч нартай орон нутгийн иргэдийг ажилд түлхүү авах шаардлагыг тавьж ажиллаж байна.


Түүнчлэн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор арьс нэхий боловсруулах жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зургаан суманд, 90 морины хүчин чадалтай трактор, хадлангийн иж бүрдлийг хадлан тэжээл бэлтгэдэг аж ахуйн нэгжид гэрээ байгуулан, сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтийг нь үндэслэн олгох гэж байгаа. НҮБ-ын төслийн хүрээнд таван суманд 14 аж ахуйн нэгж, иргэнд 134 сая төгрөгийн арьс, шир нэхий элдэх, эсгий, эсгий үйлдвэрлэлийн, зайрмагийн, оёдлын тоног төхөөрөмжүүдийг олгож, 60 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа.


-Эдгээр хөрөнгө оруулалтын давуу талыг хэрхэн харж байна. Ач холбогдол нь юу вэ?  

-Төсвийн хөрөнгө оруулалт бол хамгийн сайн хөрөнгө оруулалт байдаг гэж эдийн засагчид үздэг. Тухайлбал хөрөнгө оруулалт хийснээр дэд бүтэц, сургууль цэцэрлэгийн барилга босож иргэдэд ач тусаа өгөхөөс гадна нөгөө талаас аж ахуйн нэгж, ажлын байрыг бий болгож байдаг. Тэр ч утгаараа олон бүтээн байгуулалтын ажил Завхан нутгийн хөгжилд ихээхэн дэм болно гэж харж байна.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ