ТӨВ: Хөгжлийг эрэлхийлэх залуучууд Сэлэнгэ аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-12 14:51:08

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцан, туршлага солилцож байна.

Энэхүү туршлага судлах ажил нь орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, гарц, шийдлийг тодорхойлох, санал санаачилгыг дэмжих чиглэлээр бусад аймагт хэрэгжиж буй сайн туршлагуудыг судалж, нутагшуулах зорилготой юм.


Сэлэнгэ аймаг 108,887 хүн амтай, 17 сум, 350 гаруй төрийн болон төрийн бус байгууллагатай юм. Тус аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс ойрын хугацаанд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор форум, уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот нь томоохон хот суурин газруудтай ойролцоо байршдаг тул эдийн засгийн хувьд өргөжин тэлэх нөхцөл тааруу байдаг тус форум нь бизнес эрхлэгчдийг холбон хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.


Зуунмод хотын Залуучуудын хөгжлийн зөвлөл туршлага солилцох үйл ажиллагааг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2021 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, 2022 оны 5 дугаар сард Орхон аймгийн Эрдэнэт хотод тус тус ажилласан юм.


УИХ-аас баталсан "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуульд Залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх зэрэг онцлох заалтуудыг тусгасан.


Уг хуульд заасны дагуу Зуунмод хотын Залуучуудын салбар зөвлөлийг 2021 онд байгуулан, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2022 оноос эхлэн мэргэжил, сонирхлын дагуу Зуунмод хотын харьяа төрийн болон төрийн бус байгууллагуудын залуучууд нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.


Зуунмод хотын Залуучуудын хөгжлийн зөвлөл нь нийт 21 гишүүнтэй. Аймаг, орон нутгийнхаа нэрийг улс, олон улсын түвшинд гаргаж буй тамирчин, урлагийн авьяастнуудыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах "Spelling bee" тэмцээн болон "Special night in Zuunmod" залуучуудын чөлөөт эвентийг амжилттай зохион байгуулаад байна.


Ойрын хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн дунд ангийн сурагчдад мэргэжил сонголтоо зөв хийхэд нь туслах, чиглүүлэх ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ