ЗАВХАН: Эрэгтэйчүүдийн зөвлөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-15 17:57:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, шийдлийг хамтдаа эрэлхийлсэн зөвлөгөөн болж 17 сумын 230 гаруй төлөөлөгч оролцжээ.

"Завхан хийморь" төрийн бус байгууллагаас санаачлан, "Эрүүл боловсролтой эр хүн-жаргалтай гэр бүлийн үндэс” зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож, эрэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ маш цөөхөн байдаг ч энэ чиглэлээр цаашид бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн эрэгтэйчүүд бид хандлагаа өөрчилж, эрүүл амьдрах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон юм.

Анх удаа зохион байгуулсан энэ зөвлөгөөнөөр орон нутгийн түвшинд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээнд тулгамдаж буй олон асуудлаар санал солилцож, шийдлийг хамтдаа эрэлхийлэн, нэгдсэн зөвшилцөлд хүрч, зөвлөмжийн төслийг боловсруулсан юм. Зөвлөгөөнөөс эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгмийн оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх.

Хувь хүний хөгжил, төлөвшилд эергээр нөлөөлөх, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх олон талын ажлыг тогтмол зохион байгуулдаг болох гэхчлэн асуудлуудыг тусгасан зөвлөмж гаргалаа. Энэхүү зөвлөмж, шийдвэрийг Завхан аймгийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгуулан, хэрэгжилтийг хангахаар болов.

Мөн зөвлөгөөний үр дүнд аймгийн Засаг даргын дэргэд “Аймгийн эрэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулан ажиллахаар болов. Тус үйл ажиллагааг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Улиастай сумын ЗДТГ, Хөгжимт жүжгийн театр, Цагдаагийн газрын хамт олон хамтран зохион байгууллаа гэж аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.


Ташрамд Завхан аймаг 73.8 мянган хүн амтай, үүний 49.9 хувь нь эрэгтэй. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг. Харин эрэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь бие нь өвдөхгүй бол эмнэлэгт хандаж үзлэг оношилгоонд хамрагддагггүй байна. 

Тус аймагт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 1.5 дахин их буюу, нас барсан 10 хүний зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Эрэгтэйчүүдийн нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдээс их болж, 45 наснаас огцом нэмэгджээ. Харин хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин илүү байна. Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.


Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний 48.9 хувь нь эрэгтэйчүүд.  Үүний 40 орчим хувь нь тогтсон ажилгүй, орлогогүй байна. Харин 60 орчим хувь нь тодорхой хэмжээгээр хувиараа бизнес эрхэлдэг ч, тогтсон цалинтай, ажилтай эрэгтэйчүүд цөөн байгаа гэж холбогдох мэргэжлийн байгууллагуудын статистик судалгаанд өгүүлжээ. 


Тус аймагт сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд нийт гэр бүл цуцлалт 134 байгаа бөгөөд үүний цаана дунджаар нэг өрхийг 1-3 хүүхэдтэй гэж үзвэл 400 гаруй хүүхдийн асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Өрх толгойлсон эцэг эх 2021 оны байдлаар нийт 4274 байгаа бөгөөд үүнээс аймгийн төвд 988, сумын төвд 918, хөдөөд 2368 байна. Харин өрх толгойлсон аав 1067 байна.


Тиймээс эрэгтэйчүүд өрх гэрээ бүрэн бүтэн авч явах, хүүхдээ өнчрүүлэхгүй байхад манлайлал, үлгэр үзүүлэх. “Аав байхад гэр дүүрэн байдаг” хэмээх хэлц үгийг ажил хэрэг болгож, гэр бүлдээ, хамт олондоо, сумандаа, аймагтаа, улсдаа харилцаа хандлага, дадал зуршлаараа зөв үлгэрлэл үзүүлж манлайлахыг эрэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэй зөвлөлдөж, шийдэлд хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.


Холбоотой мэдээ