“Монгол хээний нууц” үзэсгэлэнг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-21 14:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д.Манибадар, Ардын зураач А.Сэнгэцохио нарын “Монгол хээний нууц” тусгай үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд үргэлжилж байна.


Хээ угалз нь хавтгай дээр дүрслэгдэх авч мөн чанарын хувьд нүүдэлчдийн сэтгэлгээний орон зайн мэдрэмжийг яруу тангалаг илэрхийлж чаддаг онцгой урлаг. Гүн бэлгэдэлт утга агуулгатай монгол хээ нь уран сэтгэмжийн хувьд эхлэл, төгсгөлгүйгээр хаяалбар үгүй орон зайд өрнөдгөөрөө гайхамшигтай.

Нүүдэлчдийн дүрслэх урлагийн үндэс хээ угалз юм. Хээ угалз нь олон мянган жилийн турш хөгжиж, шигшигдэн шилэгдэж ирсэн сонгодог урлаг юм. Тиймээс өнөөгийн үзэгчдэд язгуур угшил руугаа өнгийж танин мэдэх, өвөг дээдсийнхээ сонгодог урлагтай танилцах, үндэстний ялгараламин чанараа олж мэдэхэд тус үзэсгэлэн хамгийн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Тусгай үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн цуглуулгаас нийт 107 бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д.Манибадрын 55, Ардын зураач А.Сэнгэцохиогийн 52 бүтээл багтаж байна.

Орчин үед монгол хээ угалз нь "Монгол зураг" хэмээх дүрслэх урлагийн гайхамшигт хэв маягтай нягт уялдаатай хөгжсөөр байна. Өдгөөгөөс зуугаад жилийн тэртээ “хоцрогдсон”, “харанхуй урлаг” хэмээн ад шоо үзэгдэж байх үед Ардын зураач Ү.Ядамсүрэн “Өвгөн хуурч” бүтээлээрээ орчин үеийн “Монгол уран зураг”-ыг тунхаглаж байв. Харин түүнтэй мөр зэрэгцэн Монголын дүрслэх урлагт шинэчлэл хийсэн уран бүтээлч бол "Марзан" хочит Б.Шаравын шавь Долгорын Манибадар юм. Тэрээр монголчуудын монголчуудын хээ угалзыг зурж, цуглуулсан анхны зураач бөгөөд эдүгээ түүний өв бидэнд уламжлагдан үлджээ. Түүнчлэн алдарт “Маршалын харш” буюу нийслэлийн 30 дугаар байр, Их тэнгэрийн “Хан-Уул харш” буюу 50 дугаар байр, УДБЭТ зэрэг европ маягийн барилгуудын монгол чимэглэлүүдийг бүтээж өрнийн урлагийг “өөриймсүүлэхэд” гавьяа байгуулжээ.  

Ардын зураач Адъяагийн Сэнгэцохио бол “Монгол зураг” хэмээх нэр томьёог бий болгож, дүрслэх урлагийн “шинэ” хэв маягийг “манцуйлсан” онцгой зураач юм. Түүний "Хар буур", "Хоёр буур" зэрэг бүтээл монгол зургийн арга барилыг бүтээлчээр баяжуулж, Европын сонгодог уран зурагтай чадварлаг хослуулсан гэдгээрээ алдартай. Олны танил болсон хоёр бүтээлээс харахад л зураачийн уран сайхны сэтгэлгээний "хээлэг" уран нарийн сэтгэлгээ мэдрэгддэг.


"Манай дүрслэх урлагийн ертөнцөд сүүлийн 40 гаруй жил болоогүй онцгой үйл явдал бол “Монгол хээ угалзны нууц: БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д.Манибадар, Ардын зураач А.Сэнгэцохио" тусгай үзэсгэлэн юм” хэмээн куратор, урлаг судлаач Н.Оргилболд тэмдэглэв.

Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл олны хүртээл болно.









Холбоотой мэдээ