ЗАВХАН: Тэсийн голын сав газраар аялах аяллын маршруттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-23 15:17:00

Завхан/МОНЦАМЭ/. Тэсийн голын монголчууд жуулчдад зориулсан аяллын маршрутыг гаргаж нутгийн үндэстэн ястны соёлын онцлогийг газар дээрээс нь үзэх боломжийг олгоод байна.  

Төрж өссөн нутаг, уул усаа хайрлан хамгаалахын зэрэгцээ өвөг дээдсээс өвлөн ирсэн нүүдэлчин ахуй, ёс заншил, өв соёлын онцлогийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулах. “Тэсийн голын монголчууд” төсөл 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас эхэлсэн түүхтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хэсэг хугацаанд завсарлаад байсан энэ төсөл өнгөрсөн наймдугаар сараас үргэлжилж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цэвэр усны нөөц улам бүр хомсдож байна. Энэ үед Булнайн нуруунаас эх аван Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумын 40 гаруй мянган хүний амьдралын эх ундарга болсон Тэсийн голоо хайрлан хамгаалах нь зайлшгүй юм.



Тэсийн гол нь 560 гаруй км урсахдаа 150 км орчмыг нь ОХУ-ын Тува улсын нутгаар дайран өнгөрдөг нь зөвхөн монголчуудын анхаарал хандуулах асуудал биш гэдгийг ч сануулж байгаа. Тиймээс олон зуун жилийн туршид энэ нутагт амьдарч ирсэн хүн зоныг ундаалсан Тэсийн голыг хүн бүр хайрлан хамгаалж, үр хойчдоо үлдээхийн төлөө энэхүү төслийг санаачлан хамтран ажиллах боломжийг нээсэн.

Өнгөрсөн наймдугаар сард Тэс голын дагууд амьдарч байгаа гурван аймгийн долоон сумын Засаг дарга нар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтад Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Н.Анхбаяр, Цагаан-Уул сумын Засаг дарга С.Гончигням, Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга Х.Лүндээжанцан, Тэс сумын Засаг дарга Б.Банзрагч, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал, Зүүнговь сумын Засаг дарга Б.Эрдэнэ-Очир, Тэс сумын Засаг даргын орлогч Н.Намсрай, Завхан аймгийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ч.Жавзанпагма нарын холбогдох албаныхан оролцсон юм.


Бид энэ уулзалтын үеэр нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгалийн эко системийг хайрлан хамгаалах. Тэсийн голын нутгуудыг зорин ирэх дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх байгалийн үзэсгэлэнт тогтоц. Халх, баяд. хотгойд түмний амьдрал ахуй, ёс заншил, соёлын онцлогийг газар дээрээс нь үзэх боломжтой төслөө нутгийн иргэддээ танилцууллаа. Энэ төслийг ажил хэрэг болгоход юуг анхаарах талаар ч хэлэлцэж, аяллын маршрут гаргах ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Уулзалтад оролцогчид аяллын маршрут гаргахын тулд Тэсийн голын эхээс Увс нуурт цутгах хүртэлх замыг туулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж буй малчдын амьдрал ахуйтай танилцаж, байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт газрууд, түүх соёлыг үзэж сонирхон, харилцан туршлага солилцсон. Мөн сумдын иргэдийг мэдээ мэдээллээр хангаж, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгууллаа гэж төслийг санаачлагч, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаа мэдээлэв. 




Холбоотой мэдээ