ЗАВХАН: Таван сумын улсын нөөцийн салбарт 266 тн өвс төвлөрүүлжээ

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-23 15:10:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 2022-2023 онд 9.7 мянган малчин, 4.0 мянган мал бүхий өрхийн нийт 6.9 сая толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 09 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгаврыг сум холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тухай цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тиймээс мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд судалгааг тодотгож, 967.6 мянган толгой малыг зах зээл болон хүнсэнд хэрэглэх урьдчилсан тооцоог гаргаад байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1920 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 958 тн өвс, 83 тн ногоон тэжээл 11 тн гар тэжээл 87 тн давс, хужир, шүү бэлтгээд байгаа. Мөн Түдэвтэй, Завханмандал, Шилүүстэй, Улиастай, Тосонцэнгэл сумын улсын нөөцийн салбарт 266 тн өвсийг татан авч аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлж байна гэв. 

Холбоотой мэдээ