ЗАВХАН: Шилдэг таван багийн төслөөс хоёр нь санхүүгийн дэмжлэг авна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-23 17:06:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд "Старт ап" буюу гарааны бизнесийн төслийн шалгаруулалт болж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шилдэг старт-ап шалгаруулах төслийн уралдааныг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарлаж, ирүүлсэн төслүүдийг хүлээн авч шалгаруулалтыг хийж байна. “Startup Mongolia” сургалтын байгууллагатай хамтран ирүүлсэн төслийн багийнханд сургалт явуулсан. Шилдэг “Старт ап" шалгаруулах төсөлд Завхан аймгийн 32 залуу бүртгүүлж, 14 баг болж “Startup Weekend" арга хэмжээний хүрээнд 72 цагийн сургалтад хамрагдсан.


Эдгээр залуучууд сургалтад хамрагдаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, төслөө илүү сайжруулан хөгжүүлэлт хийсэн байна. Ингээд төсөл шалгаруулах ажлын хэсэг нийт 9 төслийн танилцуулгыг сонсож, шилдэг таван багийг шалгаруулаад байна. Тухайлбал, Бээлий, Цогт фитнес, Хөнгөн блок, Hgppy house, Цэцгийн мандал төслүүд шилдэг таван багаар шалгарч "Старт ап" арга хэмжээний таван долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Эдгээр төслүүдээс шилдэг хоёр төсөлд нь 10 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм гэж Завханы Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв. 



Холбоотой мэдээ