ТӨВ: Эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-24 22:44:10

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт Эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.


Төв эм хангамж ХХК нь 80 жилийн ойн хүрээнд эм найруулагчдыг чадавхжуулах 5 удаагийн сургалт, спортын тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд цаашид олон нийтэд чиглэсэн нийгмийн үйл ажиллагаануудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ үеэр хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлс, аймаг орон нутгийхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын шилдэг мэргэжилтэн, ажилтнуудад шагнал гардууллаа.


Төв аймагт 1942 онд анхны эмийн сангийн хороо байгуулж, эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 59 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 26 суманд эргэлтийн эмийн сан, 16 суманд 33 хувийн хэвшлийн эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдгээр эм хангамжийн байгууллагуудад 81 эмийн мэргэжилтнүүд буюу эмзүйч 31, эм найруулагч 50 ажиллаж байна. Төв эмийн сангаар сардаа давхардсан тоогоор 4000-6000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 1994 оноос иргэний эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн цагаас өнөөг хүртэл эрүүл мэндийн даатгалын дэвтрээр иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх үйлчилгээг үзүүлж байна. 


Түүнчлэн тус баярын хурлын үеэр Засаг даргын орлогч Ц.Буманбуян хэлсэн үгэндээ: Эм зүйн салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, стратегийн гол салбар, эрүүл мэндийн салбарын нэг гол хөдөлгөгч хүч юм. Эмийн үнийн хяналт, зайлшгүй шаардлагатай эм, төрөөс төлбөрийг нь төлөх эмийн тасралтгүй хангамжийн тогтолцоог бүрдүүлэх замаар хүн амын хэрэгцээг хангаж, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулахад эм хангамжийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 2 жил хүн амын дунд "Ковид-19" цар тахал голомтлон тархсан амаргүй хүнд цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй ажиллаж эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангаж байсан эм зүйн салбарын мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ