“Mining Week”: Амжиж ашиг хүртэх цаг

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2022-09-26 08:31:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс сүүлийн 20 гаруй жил эдийн засгаа төрөлжүүлнэ хэмээн ярьсан ч энэ нь бодитоор хөрсөнд буусангүй. Эдүгээ уул уурхай  ДНБ-ний 25 хувь, экспортын 94 хувь,  төсвийн 30 хувийг дангаараа бүрдүүлж буй бөгөөд 100 жилийн ойтойгоо золгож буй тус салбарыг өөд нь татаж, хөгжүүлснээр монголчууд эдийн засгаа тэлнэ хэмээн “Mining Week” арга хэмжээний оролцогсод онцоллоо.


Үнэндээ Монгол Улс сүүлийн жилүүдэд уул уурхайдаа дулдуйдан явж ирсэн нь нууц биш. Цар тахлын үед зогсонги байсан эл салбарын хувьд энэ жил нэлээн хөдөлгөөнтэй байх нь. Учир нь эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа энэ үед тэд амжиж ашиг хүртэх цаг гэдгийг хүн бүр хэлж буй. Гэсэн хэдий ч ашиг хүртэхээсээ илүүтэй ам.доллар, түлшний үнэд “цохиулж”, хил гаалийн хоригоос шалтгаалан уул уурхайд өргөн ашигладаг тэсэлгээний бодис, цианидын хомсдолд орж буйг салбарынхан “Mining Week” арга хэмжээний үеэр тодотгосон. Ийнхүү “Сайны хажуугаар саар” гэгчээр уул уурхайд асуудлууд ундарч буйг салбарын долоо хоногийн үеэр тал бүрээс нь хэлэлцлээ.


УУЛ УУРХАЙН ИРЭЭДҮЙ, ШИНЭ ТӨРХ

Уул уурхай дахь хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хууль эрх зүйн орчин, иргэний нийгмийн харилцаа, хариуцлагатай уул уурхай, үүсмэл ордын ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр чуулсан. Ногоон эдийн засаг руу шилжих хөдөлгөөн, дэлхий дахинаа нүүрлэж буй эрсдлүүд, түүхий эдийн шинэ хэрэглээнээс үүдэлтэйгээр уул уурхайн салбарт маш олон өөрчлөлтүүд гарч байгаа. Үүнд Монгол Улс ойлголтоо нэгтгэж, шинийг эрэлхийлэх цагтай нүүр тулж буйг уул уурхайн мэргэжилтнүүд хэлж байв. Тэдний хувьд эдийн засгийг нуруундаа үүрч байгаа гол салбараа бодлогоор дэмжих, алсын харааг чиглүүлэхэд төрийн түлхэц чухал байгааг уламжилсан. Ногоон эдийн засгийн шилжилт гэсэн ойлголтын тухайд дэлхийн дулаарал явагдаж буй энэ үед хүлэмжийн хийг бууруулахын төлөө улс орнууд бодлогоо чиглүүлж, тодорхой ажлууд өрнүүлж байгаа. Хүлэмжийн хийг бууруулах амлалтыг Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс авсан хэдий ч  аж үйлдвэржилтээ дэмжих замаар эдийн засгаа авч явах сорилттой нүүр тулгарч буй юм. Нүүрсний хэрэглээ, нефт олборлолт, цемент, гангийн үйлдвэрлэл гээд аж үйлдвэрээ хөгжүүлж мөнгө олох үндсэн хэрэгцээ хүлэмжийн хийг багасгах зорилттой харшилдаж байгаа ч  Монгол Улс том төслүүдээ уялдуулах замаар амлалтаа бага, багаар хэрэгжүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч рүү явж буй дэлхийн хандлагыг Монгол Улс дагах ёстой гэдгийг гадны оролцогсод тодотгосон. Электроник, дижитал ертөнцөд  шинэ хэрэгцээ бий болж, ирээдүйд ховор металл, зэсийн хэрэглээ өсөх учир үүнд Монгол Улс бэлэн байх ёстой гэдгийг хэлж байлаа.


ТӨР ЯМАГТ “МӨС ХАГАЛАГЧ” БАЙХ ЁСТОЙ

Уул уурхайн салбарын хууль эрх зүй болоод хөрөнгө оруулалт, татварын орчинг сайжруулахад төрийн шийдвэр чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ хэрээр “төр мөс хагалагч”-ийн үүргийг сайн гүйцэтгэх ёстой гэдгийг “Mining Week”-ийн үеэр сануулсан. Хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг сайжруулах хөшүүрэг нь татварын таатай нөхцөл байдаг. Харин манайд  татварын хувь хэмжээ хэт өндөр байгаад уул уурхайнхан шүүмжлэлтэй хандав. Татварын ерөнхий зарчмаар дэлхий нийт 5-10 хувь байдаг бол манайд үүнээс өндөр, нүүрсний АМНАТ гэхэд 20 хувиас давсныг эргэн харж бууруулах шаардлагатайг учирлалаа. Тодруулбал, АМНАТ тооцох жишиг үнэ борлуулалтын үнээс өндөр, тонныг нь 100 ам.доллараар экспортолж, 200 ам.долларын жишиг үнэ төлөх нь шударга бус хэмээв. Түүнчлэн зэсийн үнэ 5000 ам.доллар хүртэл 5 хувь, 5001 ам.доллар болмогц 15 хувь болдог огцом зохицуулалтыг болих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Энэ мэтчилэн хувийн хэвшлээс гарсан саналуудыг нэг дороос сонсох боломжийг Mining Week” олгосноороо онцлогтой болов.


МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ДӨРӨВТ ОРОХ ГҮНИЙ УУРХАЙТАЙ БОЛНО

Саалийн үнээ хэмээгдэх “Эрдэнэт” үйлдвэрийг залгасан томоохон төсөл бол  “Оюутолгой”. Эл төслийн бүтээн байгуулалтыг дагасан худалдан авалтууд эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсээр ирсэн. Тэгвэл төслийн бүтээн байгуулалтын ажил дуусгавар болсноор ирэх жилүүдэд худалдан авалтууд багасах юм байна. Энэ хэрээр мөнгөний урсгал хумигдах магадлалтай. Үүнтэй зэрэгцэн нэг таатай мэдээ нь гүний уурхай юм. Ирэх оны эхний хагаст эл уурхай ашиглалтад орсноор дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно гэдгийг “Mining Week”-ийн үеэр зарласан.


Түүнчлэн Засгийн газрын тэргүүн “Mining Week” арга хэмжээний хаалтын үеэр “Ханги-Мандал, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр зам баригдсанаар Монгол Улс хоёр дахь Замын-үүдтэй болно. Зүүн босоо чиглэлийн үндэсний төмөр замын сүлжээний дагуу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ” хэмээн тодотгосон. Засгийн газраас уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримтлах улмаар шаардлагатай дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, экспортын боомт гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах үйл ажиллагааг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд идэвхтэй үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.  


 ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙГ ХАЛНА

Уул уурхайн долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг нь  хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь чухал гэдэгт төвлөрсөн. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт тогтвортой олборлолтыг чухалчилах, нутгийн иргэд, байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөөгүй ажиллах, уул уурхайгаас гарч буй ашгийг жигд хүртэх, орлогыг улсынхаа ирээдүйн төлөө зарцуулах гээд тал бүрээс нь хэлэлцсэн юм. Түүнчлэн уул уурхайн салбарт  “Хариуцлагагүй уул уурхай” гэсэн асуудал хэл ам дагуулсаар байгааг онцолсон. Алтыг нь аваад авдрыг нь орхидог жишиг манай уул уурхайд газар авсан гэж хэлж болно. Энэ жишгийг халах нөхөн сэргээлт хийдэггүй хариуцлагагүй байдлыг таслан зогсоож, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг нөхөн сэргээх чадвартай аж ахуйн нэгжийг дэмждэг дэвшилтэт бодлогыг баримтална гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн.


Үнэндээ гадныхан ямар ч уул уурхай явагдаж байсан гэх ул мөргүй байгалиа нөхөн сэргээдэг. Австраличууд гэхэд л уул уурхай эрхлэхдээ байгаль орчиндоо хор нөлөө үзүүлэхгүйг хичээж, олборлолт хийнгээ нөхөн сэргээлтээ давхар явуулдагаараа манайхаас ялгаатай. Тэд хэдхэн жилийн дотор нөхөн сэргээж онгон төрхөнд нь оруулж өмнө нь байснаас илүү үржил шимтэй  ургамал тарьж нөхөн сэргээлт хийдэгээрээ онцлогтой. Энэ мэтчилэн гадны жишгийг нэвтрүүлэх боломж бидэнд бий.


ӨСӨЛТ БОЛ ХӨГЖИЛ БИШ

Уул уурхайн долоо хоногийн үеэр салбарынхан хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой бодлого, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн оролцоо чухал төдийгүй хамтын хяналт нь уул уурхайг хариуцлагжуулахад хөшүүрэг болно гэдгийг тодотгож байв. Улмаар эрдэс баялгийн үнийн өсөлт удаан үргэлжлэх нь тодорхойгүй. Өсөлт бол хөгжил биш. Монгол Улс өрсөлдөх чадварын хувьд эрчим хүчний нүүрсийг шүтэх бус нүүрснээс хуванцар, шингэн түлш гаргаж авах технологиудыг нэвтрүүлэхээс эхлээд шинэ тутамд гарч буй дэлхий нийтийн үйлдвэрлэлтэй уялдуулан гарцууд хайж, бэлэн байх нь чухал. Магадгүй нүүрсний экспортын алдагдах боломжийг ирээдүйд зэсийн үйлдвэрлэл нөхөж мэдэх юм гэдгийг шинжээчид дүгнэж байв.

Холбоотой мэдээ