Ч.Хүрэлбаатар: Нүүрсний экспортыг цахимжуулснаар уурхайн амнаас бус хилийн үнээр худалдах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-05 14:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, тогтоол зохицуулалтын талаар сайдууд мэдээлэл хийж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний экспортын талаар хийж буй зохицуулалтыг танилцуулж мэдээллээ.


Тэрбээр нүүрсний экспорт олборлолт, ачилт, тээвэрлэлт, хилээр гарах хүртэлх үйл ажиллагааг цахимжуулж буйг дуулгалаа. Ингэснээр нэгдүгээрт, одоо нүүрсийг бүх уурхайн аман дээрээс зарах бус экспортод гарч буй нүүрсийг хилийн үнээр худалдах боломжтой болж байгаа аж. Тодруулбал, тонн тутамдаа 71 ам.доллар бус 129 ам.доллароор худалдаж, тонн тутамд орсон орлого нь Монголын банканд орж ирж байх нь зүйтэй байна. Энэ нь нүүрсний экспортын валютын эх үүсвэр Монголын нутаг дэвсгэрт үлдэнэ. Ийм байдлаар зохицуулж байна гэв.


Хоёр дахь зохицуулалт нь үйл ажиллагаанаас гадна нүүрсний бүх гэрээг цахимжуулж, түүнийхээ дагуу бүх зүйл хилээр гарах аж. Тухайлбал, цахимжуулсан гэрээн дээрх заасан нөхцөлийн дагуу нүүрсийг экспортод гаргаж, уурхай дээр олборлосон нүүрс хилээр ачигдаад гарах хүртэлх бүх үйл явцыг нөгөө талаар бүртгэлжүүлнэ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй гэдгийг тодотгов. Ингэснээр мөн уурхайн амнаас хил хүртэл гарч буй янз бүрийн, аливаа зөрчил, маргаан, хийдүүлдэг, хууль бус бүх үйлдлийг таслан зогсоож чадна гэдгийг онцлов. Үүнийг дагаад Монгол Улсаас хэчнээн тонн нүүрс гарч буй, ямар компани, ААН-үүд, ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй гаргаж байгаа нь нээлттэй, ил тод, мэддэг болох юм байна. 


Энэ бүхэн нь өнөөдөр баталсан Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу хийж буй зохицуулалт аж. Засгийн газар энэ асуудлыг хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцжээ. Гол нь тээврийн улмаас үүсдэг гэх зөрүү буюу нүүрсний уурхайн амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Үүнийг арилгана гэж сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. 


Засгийн газар валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хилийн үнээр худалдана. Энэ онд бэлтгэл ханган, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу ирэх оны эхний өдрөөс шилжинэ тэдгийг тэрбээр онцлов.


Засгийн газрын тогтоолд төрийн өмчит ААН-үүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгажээ.

Холбоотой мэдээ