Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нуур үүсгэх талбайг чөлөөлж байгаа болохоос биш малчдыг нүүлгээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-06 13:11:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаарх хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр боллоо. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан уг уулзалт “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр өрнөж мэргэжлийн судлаач, шинжээч, төслийн нэгжийнхэн сэтгүүлч нарт тайлбар мэдээлэл өглөө.


Төслийн бүтээн байгуулалт нь Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Баяннуур, Эрдэнэбүрэн, Мянгат, Өмнөговь гэсэн 4 сумын газар нутгийг хамарч буйг төслийн зохицуулагч Ч.Гантулга мэдээллээ. Тодруулбал, төслийн нөлөөлөлд 270 айл өрх, 1241 иргэд өртөж байгаа бөгөөд тус иргэдийн бүртгэл, тоон мэдээллийг баримтжуулах ажлыг хийжээ.


Нөлөөлөлд хамрагдаж буй малчин айл өрхийн иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох Засгийн газрын шийдвэр энэ оны 4 дүгээр сард гарчээ. Шинээр үүсгэх усан сангийн талбай нь 9871 га газрыг хамрах аж. Улсын тусгай хэрэгцээнд 28 мянган га газрыг авчээ. Ингэхдээ сум, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэр, Засаг дарга нарын захирамж болон төр, засгийн холбогдох төв байгууллагууд, Геодизи, зураг зүйн газраар дамжин Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлэжээ. Монгол Улсын төр, Засгийн газар нь аль ч ангиллын, өөрийн мэдлийн газрыг стратегийн том бүтээн байгуулалтад авч хэрэглэн ашиглах эрх нь нээлттэй байдгийг төслийн зохицуулагч Ч.Гантулга тодотголоо.



Тэрбээр дээр дурдсан 28 мянган га газрын 9871 га газарт нуур үүснэ гэдгийг тодотгож, үүнийг зарим хэвлэл мэдээлллийн хэрэгслээр нутгийн иргэдийг усанд шивүүлэх гэж байна, айл өрх, малчдын амьдрах боломж, нөхцөлийг хааж, хязгаарлаж байна хэмээн ташаа мэдээлж буйг хэллээ. Өнөөдөр Засгийн газар, ЭХЯ, төслийг хэрэгжүүлэгч нэгж нуур үүсгэх талбайн газрыг чөлөөлөх талаар ярьж байгаа болохоос биш айл өрхийг өнөө маргаашгүй, энэ жилдээ нүүлгэж, хөөж тууж буй асуудал, үйл ажиллагаа огт байхгүй гэдгийг онцолж хэлэв.



Техникийн ухааны доктор, профессор, усны барилга байгууламжийн Монгол Улсын зөвлөх инженер Ц.Сосорбарам төслийн бүтээн байгуулалтын байгаль орчны нэгдсэн үнэлгээг 2020-2021 онд хийж, өнгөрсөн оны 11 дүгээр сард БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр батлуулсныг мэдээллээ. Тэрбээр төсөл хэрэгжих орон нутгийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөөөллийг судалсан багийн ахлагчаар ажиллажээ.


Мөн тэрбээр “Бид гурван жил ажиллаж, байгалийн бүрэлдэхүүн болох ус, агаарыг судалсан. БОАЖЯ-наас зарласан тендерт 14 компани оролцон, хоёр компанийн нэгдэл шалгарч, энэ ажлыг гүйцэтгэсэн. УЦС Ховд голд болон мод, модлог ургамал, ургамлын бүрхэвчид ямар нөлөө үзүүлэхийг эрдэмтэд судалсан. Энд УЦС барьснаар ургамалд нөлөөлөхгүй. 


Байгаль орчны үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, нутгийн иргэдийн саналыг авах талаар тусгасан. Анх судалгаа хийхэд 30 орчим айл газрын эзэмших гэрчилгээтэй байсан бол одоо 170 болж өссөн. Тарвагатайн хавцлыг бид судалсан. Сагсайн хавцалд мөн усан цахилгаан станц барих нь зөв гэсэн дүгнэлтийг Оросын эрдэмтэд ЗХУ-ын үед хийсэн” гэж ярилаа.     




Энэхүү төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баруун бүсийн найдвар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (montsame.mn) нийтлэлээс уншина уу.

Холбоотой мэдээ