Үй Цай сургууль 25 жилийн ойгоо тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-10-07 16:56:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай Үй Цай сургууль 25 жилийн ойгоо тохиолдууулан “Үй Цай боловсрол-Эрдмийн баяр”-ыг зохион байгууллаа.

 

Тус сургууль 1997 оноос сурагч, эцэг эхийн боловсролын эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн бодлого, чиглэл, эх хэлний суурь чадварт үндэслэн хос болон олон хэлээрх Үй Цай хөтөлбөрөөр эдүгээ 25 дахь хичээлийн жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. "Үй Цай төгсөгч" загварт суурилсан "Үй Цай бага, суурь, бүрэн дунд боловсролтой төгсөгч" гэсэн гурван үндсэн тогтолцоотой бөгөөд ахисан түвшний ерөнхий боловсрол, хос ба олон хэлээрх нэмэлт, алтернатив хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Тус сургууль өдгөө 1000 гаруй сурагч, 100 гаруй багш, ажилтантай томоохон хамт олон болон төлөвшжээ. 

 

Энэ үеэр Үй Цай сургуулийн захирал, доктор Д.Баяраа хэлэхдээ, Аливаа сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөрийг үр дүнд чиглэсэн байх орчин үеийн онол аргазүй бий. Үй Цай хөтөлбөрөөр хичээллэхэд ямар үр дүн гарах вэ гэдгийг төгсөх загвар гэж томъёолсон. Энэ хугацаанд манай сургуулийг 840 гаруй сурагч төгсөөд байна. Үүний 60 гаруй хувь нь гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн. Улс ардын аж ахуйн салбар, хүчний байгууллага, ГХЯ, үндэстэн дамнасан корпораци, Дэлхийн банк, дэлхийн хөгжилтэй улс орны болон Монгол Улсын нэр хүндтэй компаниудад ч манай төгсөгчид ажиллаж байна. Төгсөгчидтэйгээ уулзан судалгаа хийхэд, хэлний боловсролоор хамт ажиллаж буй хүмүүсээсээ гологдохгүй. Мөн нэг давуу тал нь аливаа зүйлийг эхлүүлээд хичээнгүйлэн сууж үр дүнг нь үздэг чадвар ээзэмшдэг” гэв.


Ойн хүрээнд “Бидний бүтээл-Номын баяр” тайлан үзэсгэлэн гаргасан байлаа. Тухайлбал, “Үй цай” хөтөлбөрөөр 12 жил суралцаж төгссөн сурагчийн эзэмшсэн чадварт шинжилгээ хийн Үй Цай боловсролын жишиг төгсөгчийн тайлан үзэсгэлэнг дэлгэжээ. Боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг олон улсад нэг үе гэж 10 жилээр тооцдог. Энэхүү хөтөлбөрөөр 12 жил суралцаад төгссөн нэг сурагчийг жишиг сурагч хэмээн шинжилгээ хийжээ. Ингэхдээ бага, суурь, ахлах бүрэн дунд боловсрол ямар байгааг дараах тогтолцоогоор авч үзсэн байна. Бага боловсролыг цайвар шаргал өнгөөр, суурь боловсролыг улбар шар, төгсөхдөө боловсорсон гэсэн санааг харуулж улаан өнгөөр дүрсэлжээ. Түүнчлэн танин мэдэхүй, хувь хүний үйлдэл, зохицуулалт, харилцаа гэсэн дөрвөн бүл чадварааар харьцуулалт хийж дүн шинжилгээ хийхийг зорьсон байна. Мөн 12 төгсөх ангийн сурагчдын амжилтын сан буюу сурагчийн диплом, бичсэн эсээ, олимпиадад оролцсон амжилт, 1-5 дугаар анги хүртэлх бүх хичээлийн дэвтэр зэргийг дэлгэжээ. Сурагчийн сурлагын амжилтыг нэг хичээлээр биш цогц байдлаар дүгнэхийг зөвлөдөг байна. Амжилтын цүнх буюу хавтсанд хичээлийн бүхий л хугацаанд сурч, амжилттай хийж гүйцэтгэсэн ажлууд багтдаг. Түүнийг ангийн багш, эцэг эх, эрдэмтэн судлаач үнэлж дүгнэж шүүмж бичиж өгчээ. 

Түүнчлэн цар тахлын үед багш, сурагч хамтран гаргасан “ЕБС-ийн сурагчдын төслийн болон судалааны үй ажиллагаа онол практик” ном, “Би судлаач” дасгал ажлын дэвтэр, номын багц, оюуны зураглал, олон түвшинтэй дасгал ажлын дэвтрүүд,  олон хэлээрх судалгаат ажлын материалууд, орчуулга, эхүүдийг дэлгэжээ. Энэ үеэр тус сургууль 25 жилийнхээ 3 дахь 10 жилийн эхний таван жилийн үр дүнд шинжилгээ хийж “Үй цай сургалтын хөтөлбөрийн  үзэл баримтлалын бүтэцчилсэн хүрээ” баримт бичгийг боловсруулж танилцуулав.

Энэ удаагийн 25 жилийн ойгоо Монгол Улс төдийгүй дэлхий даяар хэмнэлтийн горимд шилжиж байгаа учир академик үйл ажиллагааг дэмжин минемал хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой. Мөн энэ үеэр “Үй Цай сургалтын хөтөлбөр-Хөгжил, шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.

Хуралд тус сургуулийн удирдлага, багш нар "Үй Цай боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хнадлага", "Үй Цай бага боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хнадлага", "үй Цай бүрэн дунд боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага", "Үй Цай хятад хэлний боловсрол хөгжлийн чиг хандлага", "Үй Цай англи хэлний боловсрол хөгжлийн чиг хандлага" сэдвээр тус тус илтгэл тавив.

 


 

Холбоотой мэдээ