АРХАНГАЙ: 19 суманд энэ намар 36 мянган ширхэг мод бут тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-12 16:04:08

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган суманд 2022 оны намрын мод тарилтын ажил өнөөдөр эхэллээ. Модны худалдааг Бурхан багшийн сэрэг дүрийн урд зогсоол дээр зохион байгуулж байна. Энэ намрын мод тарилтыг байгууллагууд өөрсдийн болон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн дотор зохион байгуулж байгаа. Мөн иргэдийг ч өөрсдийн хашаанд мод тарихыг уриалж байна.

 

БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Г.Баасансүрэн:

-БОАЖГ-аас Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтран нийтийн эзэмшлийн талбайд ургаж байгаа мод, бут, сөөгийн тооллогыг хийсэн. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд 20 мянга гаруй мод тарьсан. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар нийтийн эзэмшил талбайд тарьсан мод, бут, сөөгийн амьдралтын хувийг нэмэгдүүлэх зорилгоор арчилгаа, хамгаалалтын ажлыг нэг аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн. Үүний үр дүнд нийт тарьсан мод, бут, сөөгийн амьдралт 90 орчим хувьтай байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд шинээр мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгацын нөөцийг бий болгох зорилгоор ажлуудыг хийж байгаа. Энэ жилийн хувьд Эрдэнэбулган суманд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд нийт 50 мянга орчим тарьц, суулгацын нөөцтэй байгаа аж. Аймгийн хэмжээнд 19 суманд энэ намар 36 мянган ширхэг мод бут тарихаар байна.

 

Томоохон цэцэрлэгт хүрээлэн, саадуудад мод тарих ажил сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа. Зарим сум байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого, давсан орлого зэргээс хөрөнгө санхүү гаргаж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж байна.

 

БОАЖГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Нямдаваа:

-2022 оны намрын мод тарих өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж байна. Аймгийн БОАЖГ-аас албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хуваарилж аваад заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Намрын мод тарихад 10-р сарын 1-нээс 11-р сарын 1 хүртэл хугацаа тохиромжтой байдаг.

Өнөөдөр хувийн болон төрийн байгууллагууд нийлсэн 150-иад байгууллага мод тарих ажилд оролцоно. Энэ жил шинэс мод нэлээд тарьж байна. Эрдэнэбулган сумын тухайд Булган уулын урд талын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа. Энэ газарт шинэс, шархуайс, улиас моднууд тохиромжтой. Бусад өөрийн эзэмшлийн талбайтай болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарих байгууллагууд гоёлын болон жимсний мод тарьж байгаа.

Булган уулын урд талын цэцэрэгт хүрээлэнд 10-аад нэр төрлийн мод тарьсан. 90 хувийн амьдралттай, нөхөн сэлгэх ажил давхар хийж байгаа.

 

Хүмүүс нэг үеэ бодвол мод тарьж сурч байна. Нэг дутагдалтай зүйл нь усалгаа, арчилгаагаа орхигдуулдаг. Модны усалгаа гэдэг бол модны ургалтын 90 хувийн процесс байдаг. Манайхан нэг мод суулгачихаад 10 литр усаар услаад орхидог. 10 литр ус тухайн модны ургалтад нөлөөлөхгүй. Учир нь 10 литр ус нь тогоолсон хөрснөөс доош 10 см л норгоно. Гол иш, үндэс нь түүнээс доош 30-40 см гүнд бий. Тэр иш үндсэнд хүрдэггүй. Мод ч усаа татаж чадахгүй, шим тэжээлээр дутагдаж хатаж, хуурайшдаг. Ийм хуурайшилтыг үүсгэхгүй, тарьсан модоо амьдруулна гэж үзвэл нэг модонд суулгасан даруйдаа 60-70 литр ус хийх шаардлагатай.  

 

Хувиараа мод үржүүлэгч Ч.Жаргалцэцэг:

-Ерөнхийлөгчийн мод тарих санаачилгын дагуу модны үзэсгэлэн худалдаанд агч, гүйлс модоор

оролцож байна. Үнийн хувьд 7000 төгрөг. Гүйлс, буйлс моднууд бол цэцэглэдэг "Монгол сакура" гэж нэрлэгддэг моднууд. Энэ моднуудыг цэцэрлэгт хүрээлэн болон айл өрх хашаандаа гоёл чмэглэлийн зориулалтаар таривал зохимжтой. Агч гэдэг мод бол хөнгөн хөрсөнд дуртай, 3-6 метр ургадаг, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тарих зохимжтой мод. Амьдралт 100 хувь байдаг. Хөрс боловсруулалтаа сайн хийчихвэл арчилгаа бага.  

 

СУГ-ын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Батболд:  

-Архангай аймгийн Соёл урлагийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн 3 дахь удаагийн мод тарих ажилд оролцож байна. БОАЖГ-аас модыг хэрхэн тарьж, ургуулах талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь талархууштай байна. Манай байгууллага харьцангуй цомхон бүтэцтэй. Гурван удаагийн мод тарилтаар нийт 30 гаруй мод тарьсан. Ихэнх нь сайхан ургаж байгаа. Усалгаа арчилгаагаа сайн хийж байгаа. Бусад байгууллага, иргэд ч гэсэн тарьсан модоо өөрийн болгож, арчилж ургуулаасай гэж хүсэх байна. 


Холбоотой мэдээ