ХОВД: Цөмийн энeргийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжаваар ахлуулсан баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-14 10:26:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэй орд газрын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг энэ сарын 13-16-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын багийн ахлагчаар Цөмийн энeргийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн хяналт, уул уурхай, байгаль орчны салбарын холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.

Ажлын багийнхан энэ сарын 13-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон аймаг, сумын бусад удирдах ажилтан, “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлэгч компани, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Энэ үеэр Халзан бүрэгтэйн ховор металлын ордыг ашиглах, судлахтай холбоотой асуудлыг ярилцаж, мэдээлэл солилцов. 


Уулзалтын дараагаар Цөмийн энeргийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжаваар ахлуулсан ажлын баг, аймаг, сум орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Ингээд газрын ховор элементүүдийн агуулгад цацраг идэвхт бодис буюу “уран торий” орчин тойрондоо хорт нөлөө үзүүлж, хөнөөл үүсгэх хэмжээнд байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох хэмжилт хийлээ. Дээрх ажлын багийн судалгаа, шинжилгээний ажлын нэгдсэн дүн, дүгнэлт хараахан гараагүй, холбогдох ажлууд үргэлжилж байна. 

Мөн 
“Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийн Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элемент ашиглахаар лиценз авсан, сунгасан үйл явцыг хуулийн хүрээнд нарийвчлан судалж байна.

Холбоотой мэдээ