Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-08-24 15:37:07

Япон улсын дэмжлэгтэйгээр хүлэмжийн хий бага ялгаруулдаг, байгальд ээлтэй техник, технологийг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор өнөөдөр БОАЖЯ, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран "Ази-Номхон далайн бүс нутагт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах механизм болон Хамтарсан кредит олгох механизмыг дэмжих нь” сэдэвт семинар зохион байгуулав.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр 2013 оны нэгдүгээр сарын 8-нд Монгол, Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан.  Ингэснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломжтой гэдгийг Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ын хамтарсан хорооны дарга  доктор З.Батгэрэл хэлэв.

ХКОМ нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой болон бусад холбогдох 15 салбарт хэрэгжүүлэхээр төлөвсөн байна. Япон улс энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулсан аж.

“Сүүри-Кейкакү” хэлтсийн дарга Кувахаро Фүжихико, “ХКОМ-ыг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжсэн. Үүнээс албан ёсоор хоёр төсөл бүртгэгдэж, хоёр аргазүй батлагдсан. Мөн энэ оны 9 сард Монгол-Японы Хамтарсан хорооны 4-р хурлаар анхны бүртгэгдсэн хоёр төслийн кредитийг олгох ажлыг зохион байгуулна” хэмээв.

М.Дайриймаа

Холбоотой мэдээ