Өмнөд Солонгос төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДСӨҮЛ. /Yonhap/. Төрөлтийн түвшин мэдэгдэхүйц буурч байгаатай холбогдуулан хүмүүсийг илүү олон хүүхэдтэй болоход нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж эхлэхээ Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ.
Тус улсын Засгийн газар ирэх сараас эхлэн нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоотой эмчилгээ хийлгэх хүсэлтэй хосуудад орлогоос нь үл хамааран санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажээ.
Одоогоор, бага орлоготой хосуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Харин ийм өөрчлөлт оруулснаар нөхөн үржихүйн эмчилгээ хийлгэх хүн бүр улирал тутамд наад зах нь 1 сая вон авах боломжтой болно. Хамгийн бага орлоготой хүмүүс 2.4 сая вон авдаг гэнэ.
Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 1960-аад оноос хойш эрс буурсан ч сүүлийн жилүүдэд Засгийн газар нь хүүхэдтэй болох хүсэлтэй залууст хэдэн тэрбум доллар зарцуулснаар төрөлтийн түвшинд ялимгүй өөрчлөлт гарсан байна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Чун Чин-юб хэлэхдээ “төрөлтийн түвшин бууралттай гарч байгааг өөрчлөхийн тулд “байж болох бүх арга хэмжээ”-г авах болно” гэжээ.
Мөн нөхөн үржихүйн эмчилгээ хийлгэх гэж буй хүмүүст гурван өдрийн цалингүй чөлөө олгох, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй аав нарт олгох амралтын хугацаа болон амралтын хугацаанд авах цалингийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг ирэх оны долдугаар сараас хэрэгжүүлнэ.
Түүнчлэн гурав буюу түүнээс олон хүүхэдтэй өрхийн хүүхдүүдийг төрийн мэдлийн цэцэрлэг сургууль болон өдөр өнжүүлэх төвүүдэд “ногоон гэрэл”-ээр элсүүлэх ажээ.
2016 оны эхний таван сард төрсөн хүүхдүүдийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.3 хувиар буурчээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжлэгчдийн хэлснээр, асуудлын гол нь мөнгө биш гэнэ. Харин Өмнөд Солонгосын хувийн байгууллага болон компаниудын ажлын цаг урт, хүмүүст хүүхдүүддээ гаргах цаг хомс байдагтай холбоотой гэж тэд үзэж байна.