БАЯН-ӨЛГИЙ: 1786 өрхийн 589 мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-08 11:26:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2022-2023 оны өвөл 2 сая 589 мянган толгой /мал хонин толгойд шилжүүлбэл 4,2 сая/ өвөлжиж байна.


Энэ нь өмнөх оныхоос 178 мянган толгойгоор өссөн үзүүлэлт аж.


Өнгөрсөн зун тус аймгийн нутгаар гандуу, өвс ногооны гарц тааруу байсан учир орон нутгийн зүгээс Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчны яамнаас хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай газруудад мал оторлуулах зөвшөөрөл авсан билээ.


Одоогоор хилийн зурвас нутагт тус аймгийн 190 өрхийн 74701 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 696 өрхийн 240407 толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 27 өрхийн 26100 толгой мал оторлож байна.


Мөн сум дундын отрын бүс нутагт 447 өрхийн 184140 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 247 өрхийн 79574 толгой, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Эрдэнэбүрэн, Увс аймгийн Бөхмөрөн, Эрдэнэбүрэн суманд 569 өрхийн 99354, нийт 1786 өрхийн 589662 толгой мал отроор өвөлжиж байна.

Холбоотой мэдээ