ДУНДГОВЬ: Ид шидийн орны “Хүүхэд хамгаалал, хөгжлийн хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхээр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-08 13:46:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын XII хуралдаанаас “Ид шидийн орон-3” жишиг төвийн “Хүүхэд хамгаалал, хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ОНХС-ийн 230,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр батлав.


"Лантуун дохио" ТББ-аас хөдөө орон нутагт анх удаа “Ид шидийн орон” жишиг төв барих төслийн уралдаан зарлаж, “Гэрэлтдэг ертөнц” ТББ санаачилга гарган оролцсоноор Дундговь аймагт бүтээн байгуулалт эхэлсэн юм.


Энэ оны 5 дугаар сараас эхлэн хандивын аян өрнүүлж, байгууллага, иргэдийн 1,5 тэрбум төгрөгийн хандиваар “Ид шидийн орон-3” төвийг барьж, 10 дугаар сард ашиглалтад оруулснаар тус төв өнөөдөр хүүхэд хөгжлийн 11 төрлийн сургалтаар 242 хүүхэд, Хүүхэд хөгжлийн 8 хөтөлбөрөөр 160 хүүхдийг хамруулан хөгжүүлж байна.


Хүүхдийн хөгжил, хамгааллын төлөөх энэхүү бүтээн байгуулалтыг Дундговь аймагт барих шийдвэр гарахад тус аймгийн төр, ТББ, иргэдийн хамтын ажиллагаа, дэмжлэг нөлөөлжээ. Тодруулбал, ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төслийг аймгийн Засаг дарга, ЗДТГ, Ус суваг ОНӨҮГ, ЦЭХТС, Цахилгаан холбоо зэрэг төрийн өмчит компаниуд, бусад ТББ, аж ахуйн нэгж байгууллагууд дэмжихээ илэрхийлж, газар олгох, цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам татах зэрэг дэд бүтцийг хандиваар хийж гүйцэтгэн, хүүхдийн хөгжил, хамгааллын төлөө гэсэн нэгэн зорилгын дор нэгдэж чадсан тул энэхүү “Ид шидийн орон” төсөл тус аймагт бодитойгоор хэрэгжжээ.


"Гэрэлтдэг ертөнц" ТББ-аас “Хүүхэд хамгаалал, хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан иргэдээс санал авсны үндсэн дээр аймгийн ОНХС-ийн 2023 оны төлөвлөлтөд оруулж, ийнхүү батлагдсан нь тус төвийн тогтвортой байдлыг хангахад  чухал дэмжлэг болж байгааг “Ид шидийн орон” жишиг төвийн гүйцэтгэх захирал М.Санжаасүрэн онцолж, “энэхүү төвийн үйл ажиллагаа тогтвортой байж, олон хүүхдийг хөгжүүлж, хамгаалж чадвал аймгийн ирээдүйн эзэд илүү боловсролтой, зөв, чадвартай болж, энэ нь бусад аймагт ч гэсэн туршлага болох юм, тиймээс хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр хандив өргөж, саналаа өгч, дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй байж, аймгийнхаа олон хүүхдэд жигүүр ургуулж өгнө” гэлээ. 

Холбоотой мэдээ