СҮХБААТАР: Дарьганга суманд шинээр баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-08 13:47:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сум дөрвөн багтай. 2023 оноос тус суманд шинээр тавдугаар багийг байгуулж, Баян гол гэж нэрлэхээр аймгийн ИТХ-аас шийдвэрлэв.

Дарьганга сум өдгөө 1000 орчим өрхийн 3200 гаруй хүн амтай. Сүүлийн жилүүдэд сумын төвд суурьших хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор төвийн багийн ачаалал ихэсжээ. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 60 орчим хувь нь зөвхөн төвийн дөрөвдүгээр багт харьяалагдаж байна. Харин тэдний дунд ганцхан багийн Засаг дарга бий. Ингэснээр төрийн ажил иргэн бүрт тэгш хүрэх, багийн дарга иргэн бүртээ хүрч үйлчлэх боломж нь хязгаарлагдаж байна гэж үзжээ.

Тиймээс сумын иргэд, засаг дарга болон ИТХ-аас ирүүлсэн саналын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дээрх шийдвэрийг гаргаж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн гэдгийг ИТХ-ын төлөөлөгч П.Мөнхжаргал хэллээ.

 

Холбоотой мэдээ