МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-12-09 10:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяатай ярилцлаа.


-Цар тахлын үед тэг зогссон аялал жуулчлалын салбар дөнгөж сэргэж эхэлж байгаа энэ цагт БОАЖЯ “Монголд зочлох жил”-ийн хүрээнд чухам ямар бодлого баримталж байгаа вэ?

-Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож зарласны хувьд бодлогоор дэмжих нь зайлшгүй алхам юм. Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд цаг хугацаа их орно. Иймээс 2023, 2024 оныг “Зочлох жил”-ээр зарлаж, 7 дугаар сард тогтоол гаргасан. Салбарыг сэргээж, улс орны эдийн засгийн үр өгөөжийг нэмэх үүднээс 3 жилээр үргэлжлүүлэх нь зөв гээд, 11 дүгээр сард 2025 оныг мөн Монголд зочлох жил болгосон. Аялал жуулчлал нь олон салбартай холбогддог тул хоорондын уялдааг хангахаар Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. ЗТХ-ийн сайдаар ахлуулсан агаарын тээврийн либералчлалыг дэмжиж, нислэгийг тогтворжуулах ажлын дэд хэсэг байгууллаа. Мөн улсаа гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулах, жуулчдын тав тухыг хангах стандарт мөрдүүлэх, цахим мэдээлэл хариуцсан болон аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулсан.


-Монгол Улс 2023 онд ямар өнгө төрхөөр жуулчдыг татах вэ, “Зочлох жил”-ээ угтаж тодорхой шийдвэр гаргасан уу?

-Жуулчны визаа цахимаар авах улсын тоог 2-3 дахин нэмж, цахим визыг 72 цагт олгодог байсныг 48 цаг болгож байна. Жуулчин бүр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ татварыг буцаан авах мэдээллийг олон улсад өгч байгаа. Жуулчдын үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр, хуваарийг тогтвортой, нээлттэй зарлана. Ирэх жилийн жуулчдад зориулсан хуанли гаргасан. 2023 онд Монголын үндэсний баяр наадам үзэхийг зорьж буй жуулчин 2024 оны хуанли авах боломжтой. Хуанли дээрх үйл ажиллагааны хуваарь, хөтөлбөр жил бүр өөрчлөгдөхгүй. Үүнтэй уялдуулаад нислэгээ тогтвортой байлгах боломжтой. Зочлох жилийн стратеги төлөвлөлтийг боловсруулж байгаа.


Монгол үндэстний бахархалт түүх, соёл бол бидний имиж тул 2023 онд үндэсний баяр наадмаа, 2024 онд өвлийн аялал жуулчлал “Хөх сувд” мөсний баяраа сурталчилж болох талаар ярилцаж байна. Олон улсад санал болгоод буй 100 үйл ажиллагааг үе шаттай сурталчилна. Үлэг гүрвэлийн үлдэц, Монголын их эзэн Чингис хааны түүх, нүүдэлчдийн соёл, элсэн манхан гээд бүгд л бидний үнэт өв, нөөц. Үүнийгээ илүү сурталчилж товойлгох хэрэгтэй.  


Монголд өвлийн аялал жуулчлал хязгаарлагдмал гэсэн ойлголт бий. Бид улирлын хамаарлыг багасгахыг зорино. Ялангуяа төрийн байгууллагууд олон улсын чанартай хурал цуглаан, уулзалтаа өвлийн улиралд түлхүү хийж, түүгээр дамжуулан жуулчдыг ирүүлэх тухай ч ярьж байгаа.


-Жуулчид жилийн өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргаж зэхдэг. Гэтэл манай орны хувьд агаарын тээвэр хамгийн төвөгтэй, зундаа орон нутгийн онгоц нисэх эсэх нь ч тодорхойгүй байдаг шүү дээ. Үүнийг тогтвортой болгож зохицуулахаар яамд хоорондоо шийдэлд хүрч байгаа юу?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ салбарт дутагдаж буй дэмжлэг, хэрэгтэй зүйлийг төрөөс татаасаар зохицуулах Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн тухай оруулсан. Агаарын тээврийн навигацын хураамж зэрэг аялал жуулчлалын орлогын тодорхой хувийг санд төвлөрүүлээд, эхний ээлжинд дотоодын агаарын тээврээ дэмжье гэж байгаа. Жуулчдын 50-иас илүү хувь нь агаарын тээврээр ирдэг тул нислэгийг либералчлах, тоо, давтамжийг нь олшруулах, үнийг нь хөнгөлөх зэргийг шийднэ. Үүнд ЗТХЯ, БОАЖЯ-ны хамтын ажиллагаа маш чухал. Дотоодын авиа компаниа эхний ээлжинд нислэгээр нь дэмжиж, зохицуулъя. Тодруулбал, цөөн жуулчин аваад хоосон суудалтай нисэж буй онгоцонд орон нутгийн иргэд үйлчлүүлэх тохиолдолд үнийг  нь хөнгөлөх боломжийг бодлогын түвшинд ярилцаж байгаа.


-Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлснээр улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулах боломжтой. БОАЖЯ-наас олгодог квот авсан аж ахун нэгжүүд цааш нь үнэ хүргэдэг тухай БОАЖ-ын сайд онцолж байсан. Энэ орлогыг төсөвт төвлөрүүлэх, зөв голдрилд оруулах ямар алхам хийж байгаа вэ?

-БОАЖЯ-наас аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор шувуу, тул загас агнах тусгай зөвшөөрөл олгодог. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ангийн отог компаниуд БОАЖЯ-наас 20 мянган ам.доллараар авсан эрхээ цааш нь 120 мянган ам.доллар хүртэл өсгөж зардаг мэдээлэл бий. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ан агнуурын дуудлага худалдааг нээлттэй зарлах заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад оруулж байгаа. Квотоор авдаг системийг халж, дуудлага худалдааг олон улсад нээлттэй зарласнаар тусгай сонирхлын аялал жуулчлалаа сурталчлах боломжтой. Ингэснээр орлого нь шууд улсынх болох юм. Харин тэдгээр компаниуд хуулийн шинэчилсэн найруулгын энэ заалтыг эсэргүүцэж байгаа.


-Манай улсын онцлог нь нүүдлийн ахуй соёл. Нүүдэлчдийн хувьд жуулчин бол зочин л байдаг шүү дээ. Үүргэвчтэй аяллын тухайд таны бодол?

-Зарим хүн үүргэвчтэй жуулчид Монголд ирээд хөдөөгөөр аялаж, найрсаг зочлуулан, үнэгүй үйлчлүүлээд явж байгааг шүүмжилдэг ч нөгөө талаараа Монгол Улсын сурталчилгаа юм. Үүргэвчтэй аялагч жуулчны компаниар дамжиж төлбөртэй үйлчилгээ аваагүй ч эх орондоо буцаж очоод Монголын тухай эерэг ойлголт өгч, “амьд” сурталчилгаа болох нь бий. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ ярьж, мэдээллээ интэрнэтэд хуваалцсанаар гадаад сурталчилгаанд үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ.


-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэн найруулгыг хэлэлцүүлж байгаа. Хуульд ямар дорвитой өөрчлөлтүүд орууж байгаа вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээр дамжуулаад улсын эдийн засаг сайжрах ёстой. Үүний тулд БОАЖЯ хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой уялдаж ажиллах юм. Шинэчилсэн найруулгад төрийн зарим чиг үүргийг холбоодод шилжүүлэх тухай, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэлээн зохицуулалт тусгасан. Тухайлбал БОАЖЯ нь үйлчилгээний байгууллагын зэрэглэл тогтоох журам баталсны дагуу мэргэжлийн холбоод нь ажиллах, тур оператор компанийн тусгай зөвшөөрлийг журмын дагуу холбооноос олгох, бүсийн менежментийг хувийн хэвшил хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, аялал жуулчлалын баазууд стандартын дагуу ажиллаж буй эсэхийг хянах эрхийг нь өөрсдөд нь өгөх тухай хэлэлцүүлж байна. Энэ хуультай уялдуулж, казино болон бооцоот морин уралдааны тухай хуулийг ч батлахаар зэхэж байгаа. Эрт орой хэзээ нэгэн цагт хийх л зүйл шүү дээ. Ингэснээр манай улсын эдийн засаг тэлэх ач холбогдолтой.


-“Монголд зочлох жил”-ээр жуулчин ирүүлэхдээ аль аль орныг зорилтот зах зээлээ болгож байгаа вэ?

-Боломж нөөцөө харгалзаад энэ онд БНСУ-ын жуулчдыг 2 жил визгүй болгосноор 50 орчим мянган жуулчин авлаа. Ирэх жил Япон, БНСУ, зүүн өмнөд Азийн орнуудыг зорилтот зах зээлээ болгоод байгаа. Үүн дээр шууд нислэгтэй учир Турк улс ч багтана. ОХУ, БНХАУ-д нөхцөл байдал амаргүй байгаа тул хөрш орныг маань зорьдог жуулчдад Монголд ирээч гэсэн мэдээлэл өгнө дөө.


-Монгол Улс цар тахлын дараа 2022 оны 2 дугаар сард хилээ нээсэн. Төлөвлөсөн тооны жуулчнаа ирүүлж чадсан уу? Ирэх онд 1 сая жуулчин авна гэсэн зорилт тавиад байгаа шүү дээ. Ийм жуулчин хүлээн авах боломж бий юу?

Хил нээснээс хойш 10 дугаар сарын байдлаар ОХУ-аас 113 мянга, БНСУ-аас 48 мянга, нийт 250 мянган жуулчин авсан. Оны сүүлд энэ тоо 300 мянгад хүрэх байх. Цар тахлын дараа 250 мянган жуулчин авна гэж зарласан зорилгоо биелүүлсэн. Ирэх онд 1 сая жуулчин авахаар төлөвлөсөн. БОАЖЯ дангаар хариуцахгүй, нислэгээ хүртэл тогтвортой байлгахаар бусад яамтайгаа тохиролцсоны үндсэн дээр төлөвлөгөөгөө дуусгаж, 2023 оны 1 дүгээр сарын 1-нд зарлана. Ирэх онд 1 сая жуулчин авчихвал 1.2 тэрбум ам.долларыг улсынхаа эдийн засагт нийлүүлэх боломжтой. Монгол Улс 2019 онд 577 мянган жуулчин авахад эдийн засагт тухайн үед 607 сая ам.доллар оруулсан байдаг.


-Жуулчид Монгол Улсыг заавал ирж үзэх ёстой шалтгаануудыг Та нэрлэвэл...

-Орчин үеийн хөгжингүй, түм түжигнэж, бум бужигнасан нийгэмд Монголын унаган байгалийн үзэсгэлэн, элсэн манхан, нүд алдам талыг зорьж ирсэн жуулчин уудам үзэмжит байгалийг харж баясан, орчноос тасарч юу ч бодохгүй, жинхэнэ амар амгаланг мэдрэх боломжтой. Монголын унаган сайхан байгаль бол амар амгалангийн диваажин юм.


Эрт галавын үлэг гүрвэлийн түүх, хязгаар нь үл харагдах тэнгэрийн одод, цэлмэг тэнгэр, морин хуур, монгол гэр гэхчлэн дэлхийг эрхшээн захирсан үндэстний нүүдлийн соёл, ахуй зэрэг өдөр тутмын амьдралаас ангид ер бусын зүйлсээр баялаг орон шүү дээ. Цар тахлын дараа хүн төрөлхтөн нийгмийн шинэ төрхийг эрэлхийлж байгаа энэ цагт дан ганц хэрэглээний үнэлэмжид тулгуурласан аялал жуулчлал сонин биш болсон. Тиймээс өөрийн үнэ цэнээ мэдрэх аялал бол гайхамшигт Монгол орон шүү гэж хэлэхийг хүсэж байна. 


Холбоотой мэдээ