Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-09 09:44:40

ЭР-РИЯД. /Anadolu/. Саудын Араб, БНХАУ “иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. 


Саудын Арабын мэдээллийн SPA агентлагийн мэдээлснээр, гурван өдрийн айлчлал хийхээр нийслэл Эр-Рияд хотноо хүрэлцэн ирсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман “Ямаме” ордонд хүлээн авч уулзсан байна.


Албан ёсны ёслол болсны дараа Ши Жиньпин Саудын Арабын хаан Салман бин Абдель Азизтай уулзав. Уулзалтын үеэр Саудын Араб, БНХАУ-ын түүхэн найрамдлын хэлхээ холбоо, эдгээр харилцааг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулах арга замын талаар ярилцжээ.


Уулзалтын төгсгөлд хаан Салман, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр улсын хооронд “иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.


Ши Жиньпин Саудын Арабад айлчлах хугацаандаа Хятад-Арабын орнуудын дээд хэмжээний уулзалт болон Хятад-Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Саудын Арабын албаны хүмүүстэй хэд хэдэн уулзалт хийнэ. 

Холбоотой мэдээ