ТӨВ: Аймгийн хэмжээнд 1540 бизнес эрхлэгч эмэгтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-09 17:20:08

Төв /МОНЦАМЭ/ Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 30, Төв аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ хүндэтгэл илэрхийлж, аймгийн ИТХ, ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо хамтран 25 жилийн ойн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр хүн ардынхаа хэрэгцээт үйлчилгээг тасралтгүй, чанартай, найдвартай үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Төрийн дээд одон медаль, салбарын болон аймаг, сумын шагналаар шагнаж урамшууллаа.


Төв аймгийн хэмжээнд ахуй үйлчилгээний зориулалтаар 416, хүнсний дэлгүүрийн зориулалтаар 512, нийтийн хоолны зориулалтаар 135 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр бизнесийн салбарын 70 гаруй хувьд эмэгтэйчүүд ажиллаж байна. Мөн 256 үйлдвэр, цех, 600 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч байгаагийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Нийтдээ аймгийн хэмжээнд 1540 бизнес эрхлэгч эмэгтэй бий гэсэн тоон судалгаа байна.


Дэлгүүрийн лангуун дээр давс, гурил хоёроос өөр хүнсний бараагүй болсон үед олон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний гэр бүлд туслах, цаашлаад эх орон, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор тухайн үед бизнесийн гараагаа эхэлж байсан эмэгтэйчүүд нэгдэн, 1992 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Монголын анхны төрийн бус байгууллага болох Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоог байгуулж байжээ. Үүнээс хойш 5 жилийн дараа буюу 1997 онд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбарыг үүсгэн байгуулсан түүхтэй. 

Холбоотой мэдээ