ТӨВ: Хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохын тулд 9 бичил төсөл бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-10 14:04:29

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Хүүхдийн чуулганыг “Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе” нэрийн дор “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриатайгаар өнөөдөр зохион байгуулав. Энэхүү чуулганд Төв аймгийн 25 сумын 150 гаруй хүүхэд төлөөлөн оролцож санал бодлоо нэгтгэн илэрхийлж, асуудлын шийдлийг олохоор хэлэлцлээ.   

Уг чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөр хамтран хүүхэд, багачуудынхаа дуу хоолой, хүсэл сонирхлыг сонсохоор 18 дахь жилдээ зохион байгуулав.


“Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе” нэрийн дор “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриатайгаар тэмдэглэж байгаа нь хүүхэд бүрийн оролцоо, хувь нэмэр, дуу хоолой чухал төдийгүй, тэгш оролцоогоор хангагдаж байгаа үед хязгааргүй боломж хүн бүрт байдаг гэдгийг харуулж байна гэдгийг албаныхан онцоллоо.  


Энэхүү чуулганы үеэр хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохын тулд шийдвэр гаргах түвшний хүмүүс болон өөрсдийн зүгээс хийж чадах зүйлсийн хүрээнд 9 бичил төсөл бичсэн байна. Эдгээр төслүүдэд эрүүл мэнд, баталгаат ирээдүй, хорт зуршил, сэтгэлзүйн эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд хөндөгджээ. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд бүр өөрсдийн зүгээс хэрэгжүүлж чадахуйц зүйлсээ бичсэн ба өсвөрийн цагдаа, мод тарих аяныг санаачлах, сургалт, нөлөөллийн ажил, олон нийтийн сүлжээ ашиглан нэвтрүүлэг хийж болох талаар хэлж байв.


2021 оны статистик тоон мэдээгээр Төв аймагт 95892 хүн ажиллаж амьдарч байгаагийн 35304 буюу 36,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 31 ерөнхий боловсролын сургуульд 18590, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7303 хүүхэд хамрагдаж байна. Сумын Ерөнхий боловсролын байгууллагын дэргэдэх сонгон, секц, дугуйланд 9939 хүүхэд, сумдын Соёлын төвийн дэргэдэх зургаан төрлийн дугуйланд 1706 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хүүхдийн 33 хувийг эзлэж байгаа юм. Мөн хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр ерөнхий боловсролын сургууль дээр 15 төрлийн хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагад 2774 хүүхэд хамрагдаж өөрсдийг хөгжүүлэх, бусдыгаа үлгэрлэн сайн дурын олон төрлийн ажлыг зохион байгуулан манлайлан ажиллаж байна.


Холбоотой мэдээ