СҮХБААТАР: С.Цэрэндондов: Үргүй зардлыг бууруулж, ажилчдынхаа цалинг 65 хувиар нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-12 20:50:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үнийн өсөлт иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, хот хөдөөгүй нийгмийн стресс бухимдал их байгаа энэ цаг үед ажилчдаа дэмжих замаар ажлынхаа бүтээмжийг дээшлүүлж буй "Талын гал" компанийн гүйцэтгэх захирал С.Цэрэндондовтой цөөн хором ярилцлаа. Тус компани ажилчдынхаа цалинг 65 хувиар нэмсэн нь орон нутгийн уурхайнууд дундаа хамгийн өндөр цалин, цалингийн шинэ систем болжээ.


-"Талын гал" компани ажилчдынхаа цалинг 65 хүртэлх хувиар нэмсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ажилчин хүний ур чадвар, ажлын бүтээмжид суурилсан цалингийн шинэ систем мөрдөж эхэлсэн. Яг одоогийн байдлаар ур чадварын зэрэг, KPI үнэлгээнээс хамаарч цалинг 65 хувиар нэмээд байна. Цаашид зэргээ ахиулаад цалингаа нэмэгдүүлэх боломж бас байгаа. Өөрөөр хэлбэл бүх ажил албан тушаал дээр 1-3 зэрэгтэй.


-Өнөөгийн цаг үеийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Тэгэхээр энэ дэмжлэг хамт олонд тань маш том урам зориг, дэмжлэг болж байгаа байх?

-Өргөн хэрэглээний бараа, бензин түлшний зардал 30-40 хувь өслөө, энэ нь ажилчдын ахуй амьдралд маш хүчтэй нөлөөлж байна. Яг ийм үед цалин нэмэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой. Мэдээж ажилчдын өрхийн орлого нэмэгдэж тэдэнд урам зориг, дэмжлэг болно, мөн үүний зэрэгцээ ажилчдын эерэг хандлага нь байгууллагын эцсийн үр өгөөж нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.


-Бусад ижил төстэй компаниуд цалингаа нэмсэн үү. Танайх анхдагч болов уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан орон нутгийн уурхайнууд дотор одоогийн байдлаар хамгийн өндөр цалин, цалингийн шинэ систем нь манайх гэсэн судалгаа байгаа.


-Нууц биш бол танай цалин хэд вэ?      

-Яг одоогийн байдлаар дундаж цалин 2 сая 500 мянган төгрөг.


-Танайх хэдэн ажилтантай вэ, ажилчдын тогтвор суурьшил хэр байна?  Бүгд орон нутгийн иргэд үү?

-Одоогоор 41 хүн ажиллаж байна. 95 хувь нь орон нутгийн иргэд ажиллаж байна. Хүнд машин механизмын машинист, оператор, механик зэрэг мэргэжлийн хүмүүс дутагдалтай байна.


-"Талын гал" ХК бол аймаг орон нутгийнхаа гал голомтыг сахигч шүү дээ. Мэдээж ирээдүйгээ илүү томоор харж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Талбулагийн нүүрсний уурхай 1975 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 47 жилийн түүхэнд Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгж, албан газар, ард иргэдийг нүүрсээр тасралтгүй ханган ажиллаж байна. Өнгөрсөн жил экспортод нүүрс гаргах зорилгоор хөрс хуулалт, нүүрс олборлолтыг нэмэгдүүлж маш их хэмжээний урьдчилсан зардал гаргасан. Гэвч хил гааль, цаг үеийн нөхцөл байдал, худалдан авагчийн туршлага зэргээс шалтгаалаад одоогоор нүүрс хил гаргаж хараахан чадаагүй л байна. Энэ нь компанийн эдийн засагт маш хүчтэй нөлөөлж санхүүгийн хувьд хүндхэн байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж найдаж байна.


-Эдийн засаг ийн хүнд байгаа ч ажилчдынхаа цалинг нэмэхдээ мэдээж тооцоо судалгааг  хийсэн байх?

-Хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгож, орчин үеийн техник технологийг ашиглан үргүй зардал гарахад тавих хяналтыг сайжруулснаар 1м3 уулын цулд оногдох зардлыг бууруулсан, нүүрний үнэ нэмэгдсэн зэрэг нь цалин нэмэх үндэслэл болсон.


-Уурхайн 2022-2023 оны өвлийн улирлын борлуулалтын төлөвлөгөө хэрэгжилт хэр байгаа вэ? Цаашдын төлөвлөгөө, зорилтын талаар товч танилцуулбал?

-Аймгийн хэмжээнд жилд 65-70 мянга тонн нүүрсний хэрэгцээ байдаг. Компанийн хүчин чадал жилийн 100 мянган тонн. Хязгаарлагдмал зах зээлд л ажиллаж байна. Манай компанийн ойрын зорилт бол нүүрсийг экспортод гаргасан, орон нутгаас залуучуудыг ажлын байран дээр бэлтгэж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлсэн орчин үеийн техник технологи бүхий уул уурхайн жишиг компани болох. Харин холын зорилт бол уул уурхай хөдөө аж ахуйн цогцолбор байгуулахад оршдог.

-Ярилцсанд баярлалаа.        

 

 

                                                                      

Холбоотой мэдээ