ДУНДГОВЬ: Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 108,3 хувьтай биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-20 16:33:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтсийн мэдээлснээр орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 11 дүгээр сарын байдлаар 108,3 хувьтай биелж, 10.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Харин улсын төвлөрсөн төсөвт оруулах орлогын төлөвлөгөө 115,1 хувьтай биелж, 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Баянжаргалан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг сум 0,3-18,0 хувиар тасалдуулж, бусад 10 сум 1,0 - 64,0 хувиар давуулан биелүүлсэн байна.

Тухайн сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зарлагын нийт дүн 34.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 36,1 хувиар буурчээ.

Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал өмнөх оны мөн үеийнхээс 76,3 хувиар буурсан нь нийт зардлын 17,3 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл мөн буурч, 730.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.  

Харин хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 55,3 хувиар, бараа үйлчилгээний бусад зардал 34,3 хувиар, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 26,4 хувиар, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 19,9 хувиар тус тус өсжээ.

Холбоотой мэдээ