Дэлхийн оюутны спортын өвлийн XXX Универсиад наадамд оролцох баг тамирчдаа үдэх ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-23 11:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк мужийн Лэйк-Плесид хотноо 2023 оны нэгдүгээр сарын 12-22-нд болох дэлхийн оюутны спортын өвлийн XXX универсиад наадамд 50 орны 2500 орчим тамирчин, спортын 12 төрлөөр өрсөлдөнө.


Монголын оюутны спортын холбоо нь БТСУХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоотой хамтран ажиллаж гүйлтийн цана, шорт трейк, фристайл, снөүбоард гэсэн 4 спортын төрөлд баг тамирчдаа оролцуулах юм.


Монголын багийн бүрэлдэхүүнд цанын дасгалжуулагчаар Д.Баттулга, тамирчнаар О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ, Т.Ариунболд, фристайл болон снөүбоардын дасгалжуулагчаар М.Шинэтөр, тамирчнаар Э.Тэмүүлэн, А.Ариунбат, Г.Ганзориг, шорт трейкийн төрөлд дасгалжуулагчаар Б.Бат-Оргил, тамирчнаар Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, нийтдээ 9 тамирчин, 3 дасгалжуулагч, багийн албаны хоёр нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.



Баг тамирчдыг үдэх ёслол 2022 оны 12 дугаар сарын 22-нд БТСУХ-ны Хурлын танхимд боллоо. Уг ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа, Монголын тэшүүрийн холбоо, Монголын цанын холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцон амжилт хүслээ.


Ёслолын үеэр баг тамирчдад БТСУХ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн “КЕЛМЕ” брэндийн 8 иж бүрдэл хувцсыг тамирчдад гардуулан өгөв.



Монгол Улсын төрийн далбааг ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин нь багийн тугч гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Номин-Эрдэнэд гардуулан өгч амжилт хүслээ. Наадамд оролцох тамирчдаа төлөөлөн шорт трейкийн тамирчин ОУХМ Б.Гэрэлтуяа, уулын цанын тамирчин ОУХМ А.Ариунбат нар тамирчны тангараг өргөв.



Өвлийн спортын тамирчид нь 2026 онд Италийн Милан, Кортинад болох Өвлийн олимпын XXV наадам, 2024 онд БНСУ-ын Кангвон мужид болох залуучуудын өвлийн олимпын IV наадамд тэшүүр, шорт трекийн төрлөөр оролцохыг зорьж байна. Универсиад наадамд оролцсоноороо олимпын эрхийн оноо авах, чансаагаа нэмэгдүүлэх боломжтой болно.


Наадамд оролцох тэшүүрийн тамирчид ЧД-ийн БТСХ-ны спорт цогцолборт, цанын тамирчид Скай резорт болон Хандгайтад бэлтгэлээ хангаж байгаа юм.


Ташрамд сонирхуулахад, Монголын оюутны баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотноо болсон Өвлийн Универсиад наадамд оролцож байсан түүхтэй. Ийнхүү Монголын оюутан тамирчид 15 дахь удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорих гэж байна.

Холбоотой мэдээ