ЗАВХАН: Улиастай хот одоогоос 2147 жилийн тэртээ үүссэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-15 14:45:54

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг нь Монголын ууган дөрвөн аймгийн нэг. Энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй. Завхан аймгийн төв, Улиастай хотыг 1733 онд Улиастайд Манжийн цэргийн жанжны газрыг байгуулснаар хотын анхны түүхийг тэмдэглэдэг.  Гэтэл Улиастай хот түүнээс ч өмнө байгуулагдаж байсан, эртний хотуудын нэг гэдгийг судалгаа, баримтаар гарган ирсэн судалгааг хийжээ. Завхан аймгийн энэ түүхийн ээдрээг,  "Завхан-100" эрдэм шинжилгээний хурал дээр олон нийтэд хүргээд буй МУИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор, “Завхан судлал төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай уулзаж  ярилцлаа.

 

-Завхан аймгийг байгуулсан цаг хугацаа, түүхийн ээдрээ бүхий зарим асуудлын талаар судалгаа хийжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Завхан аймгийг үүсгэн байгуулсаны түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Завхан-100” эрдэм шинжилгээний хуралд “Завхан судлал төв” хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Энэ үеэр “Завхан аймгийн түүхийн ээдрээ бүхий зарим асуудал” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Энэ сэдвийн хүрээнд тус аймгийг бүрдүүлэгч хошуу, шавиуд, Завхан аймаг байгуулсан он цаг, Завхан нэрийн тухай санал, Улиастай хотын түүх гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд илтгэлээ хэлэлцүүллээ.

Ер нь Завхан аймаг байгуулсан он цаг бол 1931 он юм. Харин 1923 онд хуучны Засагт хан аймаг Хантайшир уулын аймаг хэмээн нэрээ өөрчлөн, улмаар засаг захиргааны их өөрчлөлт зохион байгуулалтыг хийж эхэлсэн нь Завхан аймаг байгуулах эхлэл нь болсон. Улмаар 1928 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отгонтэнгэр уулын хошуу Хантайшир уулын аймагт шилжин ирж, 1929 онд Отгонтэнгэр уулын хошууны нутагт байсан Жавхлант хот (Улиастай хот)-д Хантайшир уулын аймгийн яам нүүн ирж суурьшсан байна. 1931 оны засаг захиргааны их зохион байгуулалтаар Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан, Алтай гэсэн хоёр аймгийг байгуулан улмаар, Жавхлант хотод байсан Хантайшир уулын аймгийн яамны суурин дээр Завхан аймгийн яамыг байгуулжээ. Хожим 1972 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарч 1973 онд Завхан аймаг байгуулсан түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэсэн түүхтэй.

 

-Улиастай хот бол эртний хотуудын нэг. Тус хотыг 200 гаруй жилийн түүхтэй гэж ярьдаг, ойлгодог. Гэтэл бүр түүнээс ч эрт үүссэн гэсэн судалгааг та баримтаар гаргаж иржээ?  

-Тийм ээ бидний судалгааны бас нэг чиглэл бол Улиастай хотын түүхийн судалгаа байдаг. Улиастай хот бол Монгол нутаг дахь эртний түүхтэй хотуудын нэг. Нөгөө талаас эртнээс нааш хүн тасралтгүй амьдарч ирсэн цорын ганц хот байх.

Бидний судалгаагаар одоогоос 2147 жилийн тэртээ, МЭӨ 123 онд Улиастайд хот байгуулан суурин амьдралыг бий болгож эхэлсэн тухай мэдээ бий. Энэ тухай Хятадын Хан улсын түүхийн зохиол “Түүхэн тэмдэглэл”-д үлдсэн байдаг. Мөн бид 2015 онд Улиастайд хайгуул судалгааны ажил хийж байхдаа, Улиастай дахь Сангийн хотын туурь нь эртний улбаатай хуучин хотын туурийн нэг хэсэг дээр үүссэн болохыг судлан олж тогтоосон юм. Өөрөөр хэлбэл Манж Чин гүрний эрх баригчид 1733 онд Сангийн хотоо Улиастайд байсан хуучин хотын нэг хэсэг дээр барьсан гэсэн үг.


Түүнчлэн Улиастай хотод 1225 онд Хятадын бомбын суртлын лам Чань Чунь ирж байсан тухайгаа өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.

Хожим Засагт хан аймгийн хангууд Улиастайд төвлөрч байгаад, Манж нар Сангийн хотоо байгуулахад Тайширын газар очиж төвлөрсөн байдаг. 1733 онд Улиастайд Сангийн хотыг байгуулан “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжны газар”-ыг байгуулснаар Улиастай нь Гадаад Монгол дахь хамгийн өндөр эрх мэдэлтэн суудаг, нэг ёсондоо нийслэл хотын үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг.

Харин 1911 онд монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтаар Хаант Монгол улсаа байгуулахад Хүрээг Нийслэл хот болгон зарласан байдаг. 2012 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улиастайгаас Манж жанжин Аан И, хятад сайд Гүй И нарыг хөөн гаргасны дараа Улиастай хот Хаант Монгол Улсын нэгээхэн хэсэгт багтах болж Улиастайд сайдын газрыг байгуулсан байна. 1921 оны Ардын Ардчилсан хувьсгалын дараа Улиастай хотын сайдын газрыг татан буулгаж, засаг захиргааны нэгжид шилжүүлэн Жавхлант хот хэмээн нэрийдсэн байдаг. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Завхан аймгийн нийгэм, улс төр, соёлын төв болон хөгжиж эхэлсэн байдаг.

 

-Улиастай дахь Сангийн хэрэм, гадаад дотоод худалдаа гээд сонирхолтой судалгаа байдаг?

-Тийм шүү. Улиастай хот дахь Сангийн хэрэм болон хуучин хотын судалгаа бараг хийгдсэнгүй гэж хэлж болно. Археологийн малтлага бол огт хийгдээгүй. Харин гүймэг маягийн хайгуул шинжилгээ хийж, энд хуучны хотын туурь байгаа нь лавтай гэсэн тодорхойлолтууд л байдаг.

Сангийн хэрмийн хувьд ямархуу зохион байгуулалттай байсан, дотоод бүтэц гээд бүхий л талын судалгаа бий. Улиастай хотод ирсэн жуулчдын тэмдэглэл, “Улиастайн товч ойллого” гээд эх сурвалж баримтууд бий.


Худалдааны тухайд, Улиастай хот 1733-1911 он хүртэл Гадаад Монгол дахь худалдааны нэгээхэн том төв нь байсан. Эхэндээ Хятадын худалдаа зонхилж байсан бол ХХ зууны эхэн үе гэхэд Оросын худалдаа, ноос угаалгын газар нэлээн хэд болсон байсан. Одоогийн Улиастай хотын төвийн хэсэг ХХ зуунаас өмнө Маймаачин хэмээн нэрлэгдэж, энд хятад пүүс, дэн буудлууд голлодог байв. Тэр үеийн хамгийн том худалдааны пүүс болох Даашинхүүгийн пүүс гэхэд гол том хашаа нь Одоогийн Улиастай сумын “Баазын” арын Худгийн аманд байрлаж, худалдааны пүүс, дэн буудлууд нь Маймаачинд байх жишээтэй. XIX зууны сүүл XX зууны эхэн үед Улиастайд ирж байсан жуулчид бичиж тэмдэглэхийн зэрэгцээ гэрэл зураг авч байсан нь бидний үед хүрэлцэн ирсэн нь цөөнгүй байдаг.

-Тэгвэл Улиастай хотыг 2100 гаруй жилийн түүхтэй гэж тэмдэглэж, бичиж болно гэсэн үг үү?

-Одоогоос 2147 жилийн тэртээ, МЭӨ 123 онд одоогийн Улиастай хотын эх үүсвэр тавигдсан гэж хэлж болно. Түүхийн эх сурвалж баримт ч үүнийг зааж байгаа. Ойрын үед Улиастай дахь хуучин туурьд археологийн сорилын малтлага судалгааг хийнэ, тэгэхээр улам бүр тодорно. МЭӨ 123 оноос хойш Улиастайд ямар нэгэн байдлаар хот суурин байсан. Тэгэхээр эдүгээ Монгол улсад байгаа хамгийн эртний хот, хүн тасралтгүй амьдарч ирсэн хот гэсэн үг.

 

-Улиастай хотын энэ түүхийн судалгааг хэзээнээс эхэлж хийв? Улиастай хот үүссэн, байгуулагдсан оныг албан ёсоор өөрчилж тэмдэглэж болох уу?

-Улиастай хотын түүхийн судалгааг 2013 оноос эрчимтэй хийж эхэлсэн, энэ үеэс анхны эх баримтуудыг цуглуулан танилцуулж эхэлсэн. Улмаар 2015 онд суурин судалгааны ажил хийх явцдаа, Улиастайн Сангийн хотын доор хуучин хот байгааг судлан тогтоосон. Тиймээс түүхэн эх сурвалж болон хайгуул судалгааны үр дүнг нэгтгэн он цагийг нь одоогоос 2147 жилийн тэртээ Улиастай хотын эх үүсвэр тавигдсан хэмээн зарлаж эхэлсэн юм. Ингээд 2016 онд Олон улсын Монгол судлалын хуралд илтгэл хэлэлцүүлсэн. Мөн хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн. Ер нь тухайн нэгэн аймаг юм уу хотын он цагийг

тухайн аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргаад баталдаг юм билээ. Тиймээс баримт судалгаан дээр үндэслээд Улиастай сумын үүсэл, байгуулагдсан он дарааллыг шинэчилж тэмдэглэж болно.

 

-Таны хувьд Завхан аймгийн нийгмийн бүх салбарыг хамарсан судалгааны эмхэтгэлийг гаргасан гэж хардаг. Учир нь “Завхан судлал” цувралын 22 дахь ботийг шинэ оны өмнөхөн хэвлэлтээс гаргасан байсан?


-Тийм ээ. “Завхан судлал” цуврал бүтээлийн маань 22 дугаар боть саяхан хэвлэгдсэн. Завхан судлалын эмхэтгэлүүдийг ярихаас урьтаж, “Завхан судлал төв”-ийг танилцуулах нь чухал байх. Завхан судлал төвийг 2016 онд байгуулсан. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын Ерөнхийлөгч Б.Түвшингийн санаачилгаар, Завхан аймгийн хэсэг судлаач залуучуудын оролцоотойгоор үүсгэн байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааны гол чиглэл бол орон нутаг судлал, тэр дундаа Завхан аймгийн судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаатайгаар шинэ шатанд гаргах. Эдгээр судалгаануудыг бүтээл туурвилаар дамжуулан хүргэх эрхэм зорилгыг чиглэл болгосон. Энэ үүднээс “Завхан судлал” цуврал бүтээл, “Завхан судлал” сониныг эрхлэн хэвлүүлж, түүнчлэн орон нутагт жил бүр судалгааны ажлыг явуулж байна. “Завхан аймгийн эрдэс баялаг” хэмээх бүтээл бол манай цувралын 22 дугаар боть юм.  

 

“Завхан судлал” цуврал бүтээлүүдээс онцолбол?

-“Завхан судлал” цувралын анхны боть нь “Улиастай хотын түүхэнд холбогдох баримтын эмхэтгэл” хэмээх нэрээр гарч байсан бол дэд боть нь “Завхан аймгийн түүх судлалын өгүүллийн дээжис”, гутгаар боть нь “Завхан нутгийн домог” гэх зэргээр гарч байсан. Хамгийн сүүлд гаргасан 22 дугаар боть “Завхан аймгийн эрдэс баялаг” нэрээр уншигч олноо хүрлээ. Энэ ботийн зохиогч нь Аж үйлдвэрийн гавьяат, доктор Г.Чинбат, профессор Д.Дамба нар юм. Цувралын ерөнхий редактор нь Б.Түвшин, ботийн редактороор Д.Баярсайхан миний бие ажилласан.


Энэхүү бүтээлд Завхан аймгийн эрдэс баялгийн салбарын судалгааны тойм, өнөөгийн байдал, Завхан аймгийг геологийн талаас нь судалсан хээрийн шинжилгээний ангийн тайлан, эрдэс баялгийн салбараас төрсөн алдартнуудын намтар, Завхан аймгийн эрдэс баялаг судлалын зарим өгүүллүүд багтсан. Ер нь энэ зохиолын гол зорилго бол, Завхан аймаг хэзээ мөдгүй уул уурхайтай аймаг болно.

Анхнаасаа Баян-Айраг ХХК ажиллаж байгаа, дараагийх нь Ургамал суманд илэрц яригдаад эхэлсэн. Цаг хугацааны л асуудал. Тиймээс анхнаасаа шинжлэх ухааны үндэслэлтэй, хариуцлагатай, нөхөн сэргээлттэй уул уурхайг бий болгох нь зүйтэй гэдэг үүднээс энэхүү судалгааг эхлүүлсэн. Бараг хоёр жил гаруй хийсэн судалгааны үр дүнд энэхүү бүтээл уншигч олноо хүрч байна.

Энэ ташрамд “Завхан судлал төв”-ийг үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж, хамгийн гол нь энэ олон боть зохиолыг хэвлүүлэн уншигч олонд хүргэн, номын суварга босгож буй тэргүүн Б.Түвшинд талархаж байгаагаа дамжуулан хүргэе. Ер нь эрдэм ном бүтээлийг дэмжин номын их суварга босгоно гэдэг мянган жилд дуурсах их үйл юм шүү дээ.

  

-Завхан аймгийн тухай илүү ихийг мэдье гэвэл цуврал эмхэтгэлүүдийг уншиж болох юм байна? Түүхийн дурсгалуудын талаарх судалгаа бий юу?

-Тэгэлгүй яахав. Бид бараг сүүлийн арав гаруй жил Завхан аймгийнхаа талаарх судалгааг дагнан хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд олон арван сонирхолтой, судалгаа хайгуул хийж, судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн. Заримаас нь дурдвал, “Завхан аймгийг бүрдүүлж байсан аймаг, хошуу, шавь”, “Завхан нэрийн тухай”, “Алдархааны зургаан ангийнхан”, “Поврон хэмээх дурсгалын тухай”, “Завхан аймгийн нутаг дахь хүрээ хийдүүд”, “Завхан аймгийн хэмээх хутагтуудын тухай”, “Улиастайгаас Жинжлэг хүрэх өртөө”, “Завхан аймгийн хүн амын ургийн овог” гээд олон судалгаа бий. Ер нь газар нутаг, түүхийн дурсгал гэхээсээ илүү түүхийн тодорхой нэгэн асуудлын талаар баримт түшин судалгаа хийдэг гэж ойлгож болно.

 

-Завхан аймгийн хүн амын ургийн овгийг судалсан гэлээ? Сонирхолтой судалгааг нь нэрлэбэл?  

-Завхан аймгийн хүн амын ургийн овгийн тухай судалгааг нэлээн эртнээс эхэлсэн. Бараг 2003 оноос болов уу. Анхандаа судалгааны бүтээл сурвалж, баримтын хүрээнд судалгаа хийж байсан. 2007 онд Завхан аймгийн бүх сумаар тойрон судалгаа хийхдээ анхны суурин судалгааг явуулсан байдаг. Дараа нь 2009, 2017 онд мөн бүх сумаар явж энэ дагуу хүн амын ургийн овгийн судалгаа, бүртгэл, тайлбарыг цуглуулсан.

Ингээд 2018 оноос бичилтийн ажлаа хийж, 2021 онд хэвлүүлсэн. Завхан аймгийн 24 сумын хүн амын ургийн овгийг судлан үзэхэд нийтдээ 950 орчим овог бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь гарал угсаа, түүхийн хувьд харилцан адилгүй байсан. Тэр бүрт ургийн овгийн түүх, нэрийн учир, түүхэн тархалт зэргийг нь судлан тодорхойлсон байгаа. Энэ талаар бүр дэлгэрүүлж сонирхбол, “Завхан аймгийн хүн амын ургийн овог” бүтээл болон “Завхан судлал” цувралын 21 дүгээр ботиос үзэж болох юм. Дээрх цувралын редактороор Б.Түвшин, ботийн редактороор, профессор Г.Цэрэнханд, дэд профессор Гая.Пүрэвдорж нар ажилласан.

-Энэ онд ямар судалгааны ажлуудыг эхлүүлэх вэ?

-“Завхан судлал төв”-ийн үйл ажиллагаа ганц надаар тогтохгүй юм. Г.Бямбарагчаа, Ч.Мөнхтөр, Б.Эрдэнэбилэг, Ц.Гүнчин-Иш, Б.Галбадрах, Н.Мэндбаяр, Д.Бат-Ундрах гээд олон сайхан судлаач залуучууд бий. Бид ярилцаж байгаад нэг нэг судалгааны ажлын сэдэв авдаг, түүнийхээ дагуу судалгааны ажлаа хийнэ. Цаг хугацааны хувьд нэг их яарахгүй. Харин судалгааны ажил нь дуусаж, хэвлүүлэх боллоо гэхээр нь редакц гарган уншиж, нягтлаад хэвлүүлдэг. Энэ онд ямар судалгааны ажлууд эхлүүлэх вэ гэхээсээ илүү бид ямар ямар судалгааны ажлууд дуусаж хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа вэ гэдгээ ярилцдаг. Одоогийн байдлаар Ч.Мөнхтөрийн орчуулсан “Улиастайн товч ойллого” хэмээх бүтээл хэвлүүлэхэд бэлэн болж байна. Мөн хамтарсан “Завхан нутгийн дуу”, “Завхан нутгийн яруу найраг”, “Сайн ноён аймгийн Хошууч мэргэн засгийн хошууны түүх”, “Засагт хан аймгийн Цогтой засгийн хошууны түүх” гээд бүтээлүүд энэ онд хэвлэгдэхээр байна.


-Завхан аймгийн 100 жилийн ойд зориулж олон нийтэд ямар судалгааг танилцуулах вэ?

-Манай “Завхан судлал төв”-ийн залуучууд 2022 оныг Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан судалгааны таван боть ном хэвлүүлэхээр бэлтгэж, судалгааны ажлыг эрхлэн зохион байгууллаа. Түүхийн судалгаа өнөө цагт улам бүр олон нийтэд зориулсан, энгийн хэл найруулгатай, зохиомжийн хувьд ойлгомжтой байхыг шаардах болж. Чухам тэр хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, түүхийг хүүрнэн өгүүлэхийг тайлбарлахуйтай хослуулан гаргана. Түүнчлэн Завхан аймгийн 100 жилийн түүхийг бүх талаас нь, тодруулбал, түүхэн замнал, баримт, зураг, эх сурвалжтай нь хамтатган бичихийг эрхэм зорилго болгон бүтээж байна.


-Та баримтуудаа хэрхэн цуглуулдаг вэ?

-Түүхч, түүхийн судалгаа хийдэг хүний гол эх сурвалж баримт нь архивт байдаг. Тийм болохоор архиваас л баримтуудаа үзэж цуглуулна даа. Нэн ялангуяа тухайн орон нутгийн түүх судлах гэж байгаа хүн тус бүс нутгийн архивт л сайн суух хэрэгтэй байдаг. Миний хувьд Завхан аймгийн Төрийн архивын тасагт л их суудаг даа. 2022 оны зун Говь-Алтай аймгийн Төрийн архивын тасагт сууж ажилласан.

Хөдөө орон нутгийн архивын тасагт сонирхолтой баримтууд их байдаг. Түүнчлэн номын сан, орон нутаг судлах музейд мөн баримтууд бий. Нутгийн хүмүүстэй уулзаж ярилцаж байхад мөн сонирхолтой баримтууд их гарч ирнэ. Нэг иймэрхүү байдлаар л баримтуудаа цуглуулна.

 

-Ингэхэд түүхч байхын сайхан нь юу юм бэ?

-Түүхч хүн болно, түүхч хүн байна гэдэг өөр маш их өндөр хариуцлага нэр төр юм билээ. Түүхч хүн алдаж эндэн буруу ташаа бичиж болохгүй. Мөн хэн нэгний эрх ашигт нийцүүлэн улс төрийн зорилгоор бичих нь эргээд хэдэн үедээ засаж болшгүй алдаа үүсгэдэг гэдгийг ХХ зууны түүх маань гэрчилдэг. Тийм болохоор аль болох эх сурвалжид түшин, үнэн бодит байдлаар бичихийг эрмэлздэг. Түүхч байхын хамгийн сайхан нь хаана ч явсан хэнтэй ч сайхан ярилцаж болдог, сэдэв гаргаад танилцаад ярилцаад явах боломжийг олгож өгдөг нь юм болов уу гэж боддог. Түүхээ сонирхдоггүй хүн гэж бараг байдаггүй. Танилцаад л цаашаа сайхан сэдэв гараад яриад найзууд болдог. Энд л түүхч байхын сайхан нь юм болов уу.    

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ