Өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, баруун гурван аймгийн үзүүлэлт буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-01 13:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд удаалжээ. Энэ эрэмбэ өнгөрсөн оныхоос өөрчлөлтгүй байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми өнөөдөр танилцууллаа.


Жишээ нь, өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Булган, Завхан, Говь-Алтай гэсэн 3 аймгийн ерөнхий оноо өнгөрсөн оныхоос өсжээ. Үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо ахиагүй байна. Гэхдээ нэр дурдсан гурван аймаг ерөнхий үзүүлэлтээрээ сүүл барьсан хэвээр, зарим нэг үзүүлэлтээр чадвар дээшилсэн байна. Жишээ нь, Булган аймагт төсвийн орлого нэмэгдэн, өрсөлдөх чадварын нэг үзүүлэлт болох засаглалын үр ашиг дээшилжээ.


Тэгвэл аймгуудыг тэргүүлээд буй Дорноговь аймгийн бизнесийн үр ашгийн оноо буурсан хэдий ч засаглалын үр ашиг болон дэд бүтцийн буюу эдийн засгийн чадварын бүлгийн оноо өсжээ. Хоёрт орсон Орхон аймгийн ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөгдөөгүй, эзлэх байрын хувьд хэвээрээ ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурчээ. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ.


Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр гуравт эрэмблэгдсэн хэвээрээ, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурч, үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларчээ. Ерөнхий оноо хамгийн их буурсан аймагт Ховд, Увс, Баян-Өлгий орж байна. Эдгээр аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад:

  • Ховд аймагт бизнесийн орчны үзүүлэлтүүд,
  • Увсад бизнесийн эрх зүйн үзүүлэлтүүд,
  • Баян-Өлгийд технологийн дэд бүтэц, менежмент, хувийн хэвшлийн үзүүлэлтүүд буурсан нь ихээхэн нөлөөлжээ.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 11 дэх жилдээ танилцуулж байна.


21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалдаг Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг байна.



Холбоотой мэдээ