ДАРХАН-УУЛ: Нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-02 15:29:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргаж танилцуулж ирсэн. 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог ажээ. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, аймгуудын бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг аж. Уг дөрвөн бүлгийн шалгуур үзүүлэлтээр Дархан-Уул аймаг жил дараалан гуравдугаарт эрэмбэлэгджээ.

Ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлсэн бол Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймаг 2, 3, 4, 5, 6 дугаарт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос эрэмбийн хувьд өөрчлөлт гараагүй аж.

Дархан-Уул аймгийн тухайд ерөнхий үнэлгээгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо арваар буурсан байна. Үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ.

Дархан-Уул аймаг ийнхүү гурван жил дараалан гуравдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд үнэлэгээний хувьд буурсан үзүүлэлттэй байна. Энэ жил 85.93 оноогоор гуравдугаарт эрэмбэлэгдсэн бол 2021 онд онд 96.10 оноогоор мөн гуравдугаарт, 2020 онд  89.42 оноогоор гуравдугаарт, 2019 онд 94.02 оноогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байжээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар нэгдүгээрт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг аж.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс 6 оноогоор буурчээ. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурсан ажээ.

 

Холбоотой мэдээ