Б.Заяабал: Нийт орлого, цалинг бүгдийг нь татварт авна гэж байхгүй, тийм боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-03 16:45:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн, амын орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлттэй холбоотой зарим зүйлийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалаас тодрууллаа.


-Цалингаасаа НДШ-ээ төлөөд, нийт цалинг 100 хувь гэж үзэхэд шаталсан татварыг хамгийн өндрөөр хэдэн төгрөгөөр тооцон, төлөлт хэдэн хувьд хүрч байгааг эхлээд тодруулья?

-ХХОАТ-ыг эхлээд НДШ-ийг татаж аваад үлдэж буй цалингийн дүнгээс тооцон бодож авч байгаа. Харин НДШ нь иргэн тэндээсээ тэтгэлэг авдаг, сан үүсдэг гэдгээрээ татварт огт хамаагүй ойлголт юм. Энэ шимтгэлийг цалингаас эхлээд авч төлдөг болохоор хүмүүс цалинтай хамаарч ойлгоод байдаг тал бий.  Татварын хувьд жилийн 6 сая төгрөгөөс бага байх юм бол хөнгөлөлт эдэлж байгаа. Хөнгөлөлтийн 5 янзын шатлал бий. Шаталж төлөх татварын дээд хэмжээний хувьд хэдийгээр 20 хувь гэж байгаа боловч бидний тооцоолсноор, бодит орлогоос оногдож буй татварын хэмжээ хамгийн өндөр дүндээ 13 хувь болж байгаа.


Бид ХХОАТ-ын өөрчлөлт, цалинтай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр гарч буй мэдээллийг харж байгаа. Уул уурхайн компанийн нэг ажилчин хамаг цалингаа татварт өгчихлөө гэсэн яриа гарсан. Энэ нь цалингийн дараах гэнэтийн чөлөө олголт болон өмнөх өр төлбөрийн хасалт зэрэг нь тооцогдсон, эсвэл нягтлан бодохтой холбоотой гарч байгаа асуудал байж болох юм. Бусдаар нийт орлого, цалинг бүгдийг нь татварт авч байна гэдэг яагаад ч тийм юм байхгүй, тийм боломжгүй юм.


Татварын байгууллагын мэдээллээр ХХОАТ-ын шаталсан татвар 1361 хүнд оногдох тооцоо судалгаа гарчээ. Үүнээс 15 хувийн татварт 700 хүн хамрагдаж, үлдэх 660 иргэнд 20 хувийн татвар ногдох тоон мэдээлэл байна. (2021 оны байдлаар) Дээрх тоогоор татварын орлого ХХОАТ-ын шаталсан өөрчлөлтөд шилжсэнээр 12.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.



-ХХОАТ-т өөрчлөлт орсноор иргэдийн дансны мэдээлэл нууц биш болох нь гэсэн эмзэглэл бий болсон. Үүнийг татварын байцаагч нар үнэхээр үзэх эрхтэй юм уу?

-Энд иргэд банк, татварын албаны хооронд солилцдог татварын нууц мэдээллийг хэлээд байх шиг байгаа юм. Үүнийг татварын зорилгоор харилцан мэдээлэл солилцох олон улсын конвенц, түүнд манай улс нэгдэн орсонтой холбон ойлгож болно. Олон улсын байгууллагуудаас манай улсыг 2017-2018 онд дээрх конвенцид элсэх санал хүсэлт тавьж байсан боловч тухайн үед манай улс хариу өгөөгүйгээс Монгол Улс нэгдээгүй. Ингэснээр олон улсын байгууллагууд манай улсыг татварын зорилгоор хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох сонирхолгүй орон байна гэдгээр саарал жагсаалтад оруулж байсан юм.  


Ингээд жилийн дараа Засгийн газар хэлэлцээ хийж дээрх конвенцид нэгдэн орох амлалт өгснөөр саарал жагсаалтаас гарсан. Үүний гол зорилго нь ерөөсөө банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох явдал байсан учраас манайх хуулиа өөрчлөх шаардлага тулгарсан. Улмаар 2019 онд татварын багц хууль гарахад манай улс өгсөн амлалтынхаа дагуу татварын байгууллага нь тухайн татвартай холбоотой мэдээллийг арилжааны банканд албан бичгээр хүсэлт тавьсан нөхцөлд дансны мэдээллийг авч (өгч) байна гэсэн хуулийн өөрчлөлтийг хийж, зохицуулалтыг оруулсан.


ХХОАТ нь бүхэлдээ орон нутагт очдог, сум, дүүрэг, аймагт хуваарилан ногддог орон нутгийн татвар юм.


Татварын ерөнхий газар Дотоод эрсдэлийн удирдлагын газартай. Чиг үүрэг нь татвараас зайлсхийж буй, татвараас зугтаж буй үйлдлийг урьдчилан илрүүлж, тэдгээрийн татварт хамрагдах байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг. Энэ газар нь данснаас мэдээлэл авах журмын дагуу саналаа албан ёсоор бичгээр хүргүүлээд арилжааны банк нь татварын алба руу мэдээллээ ирүүлэхдээ цахимаар солилцдог, ингэхдээ нууцлалттай байдаг.


Татвараа төлөөгүй, зайлсхийсэн, өр төлбөр ихээр үүсэх байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор татварын байгууллага энэ талын судалгаа хийж, тандах байдлаар мэдээллийг ашигладаг. Ийм мессежийг татварын албанаас тухайн татвар төлөгч болон харилцагчид анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс илгээдэг. Үүнийг иргэд андууран буруу, ташаа ойлгоод байна.


-Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой татварын өөрчлөлтийг тодруулна уу? 3-аас дээш орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй иргэд хэд байна вэ? Төлөх татварын дүн хэмжээг хэрхэн, яаж тооцож байгаа вэ?

-Хоёроос дээш орон сууцтай иргэдэд 3 дахь хөрөнгөөс нь татвар ногдох өөрчлөлт өнгөрсөн 2022 оны эхнээс үйлчилж байгаа. Энэ өөрчлөлт гарах шалтгаан нөхцөл нь агаарын бохирдол болон түгжрэл зэрэгтэй холбоотой, нийгмийн энэ байдлыг бууруулах зорилготой юм. Тодруулж хэлбэл, нэг хүн олон орон сууцтай байх бус, иргэдийг нийтээр нь орон сууцжуулах явдал чухал. Шулуухан хэлэхэд үүнээс үүсэж гарсан татвар гэж тайлбарлаж болно.


Энэ татварт хамрагдах хуулийн этгээдийн тоо 12.896 иргэн, ААН-д ногдох 50.798 үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бий. Дээрх тооны татвар төлөгчдөд бид мэдээллийг хүргүүлээд байгаа. Ингэхдээ 3 орон сууц юм уу (энд хуулиараа үлд хөдлөх хөрөнгө гэдгээр хашаа, байшин мөн орж хамрагдана) үл хөдлөх хөрөнгөөсөө аль нэгийг, хаана байгаа орон сууц, хөрөнгөө татварт хамруулах саналыг иргэдээс авч байгаа. Үүнийг тухайн иргэн өөрөө сонгож байгаа. Энэ оны татвар төлөлтөөсөө сонгох эрх иргэнд мөн байгаа. Энэ татвараас 16.7 тэрбум төгрөгийн ногдол үүсэхээр байгаа. Татвар ногдох хувь хэмжээ нь 0-2 хувиар төлөх юм. Үүнийг тухайн аймаг, нийслэлийн ИТХ тогтоох бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлд энэ нь 1 хувиар хэрэгжиж байгаа.


-Дээрх татвартай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахаар үүнд автомашины зогсоол мөн хамрагдана гэсэн мэдээлэл гарч ирээд байна гэх юм? Энэ хамаарах уу?

-Зогсоол энд хамаарахгүй. Хуулийн өөрчлөлтөөр энд зөвхөн орон сууцыг заасан байгаа бөгөөд энэ нь Орон сууцны тухай хуулиар бол амьдран суух зориулалттай байр савыг хэлнэ гээд тусгасан байгаа. Харин Үл хөдлөх хөрөнгийн татварыг зохицуулсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулиар бол зогсоол байсан ч төлнө, гарааш байсан ч татвараа төлнө. Энэ бол тусдаа асуудал юм.

Холбоотой мэдээ