Монгол, Польш уран бүтээлчдийн хамтарсан кино бүтээлийг бодлогоор дэмжих талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-09 16:24:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Талууд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, сонгодог урлаг, кино урлаг, соёлын өвийн хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэн ажиллахаар ярилцав. 

Тухайлбал, ноён Элчин сайд Кшиштоф Бойко түүхэн архивын баримтын хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн гаргах тухай санал тавьсныг Соёлын сайд Ч.Номин хүлээн авч, үзэсгэлэнг 2024 онд багтаан гаргахаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ

Мөн Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаж, гадаадын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллах таатай боломж бүрдсэн тул хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан кино бүтээлийг бодлогоор дэмжих талаар ярилцлаа. 

Түүнчлэн хоёр орны дунд уламжлал болгон зохион байгуулдаг байсан жааз хөгжмийн хамтлагийн хамтарсан тоглолтыг орчин цагтай нийцүүлсэн өнгө аясаар сэргээн тоглуулах, харилцан туршлага солилцох асуудлаар ярилцав.

Холбоотой мэдээ