Монголд зусдаг судалт галуу Энэтхэгийн дархан цаазат газарт өвөлжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНШИНЭ ДЕЛИ. /The Hindu Bureau/. Монголд зусдаг судалт галуу Энэтхэгийн өмнөд нутгийн Тирунелвели мужийн Күүнтакулам-Каданкуламын шувууны дархан цаазат газарт дахин бүртгэгджээ.
Зүүн Ази болон Өмнөд Азийн хооронд нүүдэллэн амьдардаг хээрийн
галуу нь Төв болон Зүүн Азийн нутгаас гарал үүсэлтэй учир барууны орнуудад Ази галуу гэх нь түгээмэл. Их бие нь цагаан, буурал, хөл ба хошуу нь улбар шар өнгөтэй, дагзан дээрээ тод хоёр
бараан судалтай учраас “судалт галуу” гэж
нэрлэгддэг. Энэ шувуу нь өвс, усны ургамал, шавжаар хооллодог аж.
Жилдээ хоёр удаа Хималайн нурууг нааш цааш давж нүүдэллэдэг тул хамгийн эрэлхэг, тэвчээртэй
шувуу хэмээгддэг энэ галуу Күүнтанкуламд өвөлжихөөр ирсэн байгаа нь энэ аж.
Энэтхэгийн өмнөд хэсэгт өвөлжиж, Хималайн өндөр уулсын дээгүүр нүүдэллэн аялах үеэр судалт галууны далавч нь цантаж, заримдаа мөс тогтох үе ч бий. Энэхүү судалт галуу нь өдөрт 1600 км зам туулах чадвартай бөгөөд хамгийн өндөрт буюу 8990 метрийн өндөрт нисдэг, тэсвэр тэвчээртэй гээд олон чадвараараа судлаачдын анхаарлыг татдаг.
Нэгдүгээр сарын 28-ны орой дархан цаазат газрын Каданкуламын
сав газарт ахлах судлаач М.Мативанан, зураглаач Валачандар хоёр хөлдөө ногоон
өнгийн бөгжтэй нэгэн судалт галууны зургийг дарж амжжээ. Тэр галууны бөгж нь “F60”
гэсэн тэмдэглэгээтэй байсан агаад энэ нь Монголын шувуу судлаачдын тэмдэглэгээ
гэдэг нь батлагдсан аж.
“Монголын шувуу судлаачид ийм ногоон өнгийн бөгж хэрэглэдгийг
бид мэддэг болохоор Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахлах судлаач
Н.Цэвээнмядагт цахим шуудан илгээж лавласан. Монгол Улсын Архангай аймгийн
Тэрхийн цагаан нуурын баруун хойд эрэгт зусаж байсан галуунд 2014 оны
долоодугаар сарын 7-нд “F60” гэсэн дугаартай бөгжийг шувуу судлаач Б.Нямбаяр
зүүж тавьсан гэсэн хариу авсан” гэж М.Мативанан хэллээ.
Тухайн үед Монголын судлаачид галуунд бөгж зүүх үед уг галуу нь 2340 грамм жинтэй нас бие гүйцсэн эр галуу байсныг бүртгэж авчээ.
Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахлах судлаач
Н.Цэвээнмядагийн хариу захидалд “Энэ “F60” дугаартай судалт галууг өмнө нь хоёр
удаа Энэтхэг улсад бүртгэж байсан мэдээлэл надад бий. 2017 оны 12 дугаар сарын
8-нд Тирунелвели мужид, дараа нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Мисори мужийн
Хадинари нууранд өвөлжиж байсан зургийг Энэтхэгийн шувуу судлаачид илгээж байсан”
хэмээжээ.
Борооны улиралд бороо хур бага орсон тул Күүнтакулам-Каданкуламын шувууны дархан цаазат газрын усны түвшин харьцангуй бага байна. Гэхдээ шувуудын хооллодог өвс ургамал хангалттай байгаа, мөн Күүнтакулам тосгоны иргэдийн өгөөмөр сэтгэлийг шувууд маань андахгүй гэж тус дархан цаазат газрын ажилтнууд хэлж байлаа.